/2021.11.02/ Улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт зэрэгт тендер авч, барилгын ажлыг эхлүүлсэн 100 гаруй компани дампуурлын ирмэгт хүрчээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал гэх 436 объект барьж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгачдын төлөөллүүд хамтран өлсгөлөн зарлахаа өчигдөр мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр барилгачдын төлөөлөл төрийн ордны баруун талд жагсаж, Ерөнхий сайд болон Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржтой уулзаж, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцах шаардлагатай байгаагаа илэрхийлэн жагсаж эхэллээ.
"Улсын хөрөнгөөр барилга барьж байгаа 100 гаруй компанийн 5000 орчим ажилчин хийгээд тэдний ар гэр болох 25 мянга гаруй хүн санхүүгийн хүнд байдалд орсон. Цаашлаад гэр бүл салах, барилгын компанитай хүн өр зээлийн талаар бодсоор байгаад харвах зэргээр эрүүл мэндээрээ ч хохирч байна" хэмээн барилгачдын нэгдлийн төлөөлөл хэллээ.
Мөн одоогийн дуу хоолойгоо илэрхийлж байгаа барилгачидтай 200 барилгын байгууллагын удирдлага холбогдсон. Шаардлагатай бол бид өлсгөлөн зохион байгуулах болно хэмээн тэд хэллээ.