/2021.10.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний эрхийн асуудал хариуцсан алба гэж байна уу. 2021 он гарсаар хорих ангиуд дээр хүний эрхийн зөрчил хэдэн удаа гарсан бэ. Үүнд ямар нэг арга хэмжээ авсан уу. 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын нөхцөл байдал маш хүнд байна. Энэ залуугийн амь нас эрсдвэл маш хатуу хариуцлага тооцно шүү. Олон улсад Монгол Улсын нэр хүнд унана. Э.Одбаяр үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийснийхээ төлөө хоригдсон. Тухайн хүн аль намыг дэмждэг байх нь хамаагүй. Энэ бол маш ноцтой асуудал гэдгийг та нар мэдэж байгаа байх.
Монгол Улс 37 мянган иргэнээ хийгээгүй хэргийнх нь төлөө хэлмэгдүүлчхээд өнөөдөр зовоод сууж байна. Үүнийг битгий мартаарай" гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагын асуултад ШШГЕГ-ын дарга Д.Загджав, "Хорих байруудыг 24 цагаар хяналтын камертай байлгадаг. Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал хэвийн байгаа. 10 гаруй кг хассан. Ар гэрийнхэнтэй нь хамтран ажиллаж байгаа ч Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн байр суурьтай байна" гэж хариуллаа.