/2021.10.28/: Хирошимагийн дээрээс атомын бөмбөг хаяхад амьд үлдсэн, цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгч Сунао Цубой 96 насандаа таалал төгссөнийг лхагва гарагт мэдээллээ.
1945 онд Японд анхны цөмийн бөмбөг дэлбэрэхэд Сунао Цубой инженерийн сургуульдаа явж байсан бөгөөд дэлбэрэлтээс амьд үлдсэнийхээ дараа тэрээр цөмийн зэвсгээс ангижрахын төлөө тэмцэгч болсон юм.
Түүний тэргүүлж байсан атомын бөмбөгийн цохилтоос амьд үлдэгсдийн “Нихон Хиданкё” бүлэг үхлийн шалтгаан нь цус багадалтаас үүдэлтэй зүрхний хэм алдагдал байсан гэж мэдэгджээ. Тэрээр аравдугаар сарын 24-нд Хирошима хотын эмнэлэгт нас баржээ.
Сунао Цубойгийн түүх
1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ түүний төрөлх хот руу атомын бөмбөг хаяхад үед Цубой 20 настай байсан бөгөөд тэрээр инженерийн сургууль руу явж байхад нь бөмбөг дэлбэрч, 140,000 хүний аминд хүрчээ.
Гурав хоногийн дараа Нагасаки хотод хоёр дахь цөмийн бөмбөг унаж, дахин 70,000 хүн амь үрэгджээ. Япон улс наймдугаар сарын 15-нд албан ёсоор бууж өгсөн ажээ.
Цубой 2016 онд "Миний бүх бие түлэгдсэн. Би наймдугаар сарын 6-нд түлэгдсэн биетэй 3 цаг орчим зугтахыг оролдсон боловч эцэст нь алхаж чадахаа больсон" гэж ярьжээ.
Тэрээр бөмбөгдөлтөөс хойш 40 хоногийн дараа ухаан орсон боловч маш сул дорой байсан ба дөнгөж мөлхөж чадаж байжээ. Түлэнхийн улмаас чихнийх нь нэг хэсэг алга болсон ба дараа нь цацрагийн нөлөөллөөс болж хорт хавдар болон бусад өвчин туссан байна.
Сунао Цубой ба цөмийн идэвхжил
Цубойгын туршлага нь түүнийг атомын бөмбөгөөс амьд үлдсэн хүмүүсийн төлөөх нэр хүндтэй өмгөөлөгч болоход туслажээ. Түүний амьдралын зорилго бол цөмийн зэвсгээс ангид ертөнцөд амьдрах байв.
Тэрээр "Би хүний аз жаргалын төлөө зовлон зүдгүүрийг тэвчиж чадна. Маргааш үхэж магадгүй ч би өөдрөг байдаг. Би хэзээ ч бууж өгөхгүй. Бид цөмийн зэвсгийг үгүй болгохыг хүсч байна" гэжээ.
Цубой бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагын Хирошимад хийсэн түүхэн айлчлалын үеэр ерөнхийлөгчтэй уулзсан хүмүүсийн нэг юм. Тэрээр Хирошимад айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгчийн гарыг атгаж, бүр инээж байсан. Дараа нь тэрээр "Би бодлоо илэрхийлж чадсан" гэж ярьжээ.
Цубойн үхэлд дэлхий нийтээр гашуудаж байх үеэр ICAN буюу Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажлын албаны ажилтан Акира Кавасаки "Бид үйл хэргийн төлөө ажиллаж байсан агуу удирдагчийн үхэлд эмгэнэл илэрхийлэхээс гадна түүний үгийг үргэлж санаж, түүний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой'' гэж хэлжээ.
Тэрээр хоёр охин, нэг хүүтэй. Оршуулах ёслолыг энэ долоо хоногийн эхээр зөвхөн ойр дотныхон нь хийсэн бөгөөд түүний хүсэлд нийцүүлэн ёслолыг нам гүм байлгахыг хүссэн гэнэ.
Сурвалж: dw.com