Улаанбаатар хот /2021.06.12/: Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан байдаг.
Гэтэл ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сүйтгэж, зөвшөөрөлгүйгээр авто зогсоол байгуулж байсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сүйтгэгдсэн ногоон байгууламжид үнэлгээ хийж, хохирлыг барагдуулах чиглэлээр компаниудад хариуцлага тооцож, шаардлага хүргүүлэх үүрэг өгсөн. Мөн ногоон байгууламжийг устгаж буй үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэхээ илэрхийлсэн юм. Энэ дагуу сүйтгэгдсэн ногоон байгууламжийн тоо хэмжээ, үнэлгээг холбогдох байгууллагууд гаргаж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС