/2021.10.15/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг хэлэлцэн, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.
Мөн “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага” сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Санал, дүгнэлтүүдийг нэгтгэн зөвлөмж гаргах юм.
Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.
Эх сурвалж: ЕТГ