/2021.10.15/: Ханхүү Уильям сансрын аялал жуулчлалд анхаарлаа хандуулдаг тэрбумтнуудыг шүүмжилж, үүний оронд дэлхийг аврахын тулд илүү их цаг хугацаа, мөнгөө зарцуулах ёстой гэж мэдэгджээ.
Кембрижийн герцог пүрэв гаригт цацагдсан BBC-ийн Newscast подкаст өгсөн ярилцлагадаа сансарт нисэх гэж яарч байгаа хандлагын тухай ярьжээ. Тэрээр хэлэхдээ: "Дараагийн амьдрах газраа олох гэж оролдох биш энэ гарагийг засахын тулд дэлхийн хамгийн том тархи, оюун ухаанаа ажилуулах хэрэгтэй байна" гэжээ.
Агаарын түргэн тусламжийн нисдэг тэрэгний нисгэгч асан Уильям сансарт нисэх сонирхолгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр мөн сансрын аялал жуулчлалын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд санаа зовж буйгаа илэрхийлээд сансрын нислэгийн нүүрстөрөгчийн үнэ бол "үндсэн асуудал" болохыг хэлэв.
Ханхүү Уильямын энэхүү тайлбар нь "Star Trek" киноны од, 90 настай Уильям Шатнер Жефф Безосын Blue Origin-ийн бүтээсэн New Shepard сансрын хөлгөөр сансарт гарсан хамгийн өндөр настай хүн болсноос хэдхэн хоногийн дараа цацагдсан байна. Безос өөрөө энэ зун сансарт нисчээ.
Сансрын аялалд үсрэлт хийсэн цорын ганц баян бизнесмэн бол Безос биш юм. Долдугаар сард Ричард Брэнсон өөрийн Virgin Galactic компанийн бүтээсэн дуунаас хурдан нисэх онгоцоор сансарт ниссэн байна. Tesla компаний гүйцэтгэх захирал Илон Маск мөн сансрын бизнест ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөд тэрээр SpaceX-ийг үүсгэн байгуулж, есдүгээр сард компанийн Inspiration4 нислэгээр дөрвөн жуулчин сансрын тойрог замаар гурван өдрийн турш аялсан юм.
Blue Origin, Virgin Galactic, SpaceX компаниуд сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах төлөвтэй байна.
Британийн хаан ширээнд залрах магадлалтай хоёр дахь хүн бол ханхүү Уильям бөгөөд байгаль орчныг хамгаалах чиглэлээр мэргэшсэн тэрээр энэ сарын сүүлээр байгаль орчны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Earthshot шагналын таван ялагчийг тодруулах ажээ.
Гурван хүүхдийн эцэг тэрээр өөрийн хүүхдүүд болон ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ сэргээх тал дээр санаа зовхооргүй байлгахыг хүсч байгаагаа онцлон тэмдэглээд, түүний хүү хунтайж Жорж 30 жилийн дараа дэлхийг аврах тухай ярьж байх юм бол энэ нь "туйлын гамшиг" болно гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: cnn.com