/2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "2022 оны төсвийн онцлох зүйл нь боловсролын салбарын шинэчлэл юм. Өнгөрсөн хугацаанд боловсролын хүртээмж рүү илүү анхаарсан. Харин хамгийн гол зүйл болох боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгож чадаагүй учраас манай багш нарын цалин урамшуулал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал нэлээд орхигдчихсон байсан.
Манай боловсролын салбар хоёр чиглэлээр санхүүждэг. Нэгдүгээрт суурь зардал, хоёрдугаарт урсах зардал. Ирэх оноос нэг хүүхдийг сургах хувьсах зардлынхаа арга барилыг өөрчлөх төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ тухайн багшийн ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан цалин урамшууллыг олгодог тогтолцоо руу шилжинэ.
Багшийн ажлын гүйцэтгэл гэдэг нь бол сурагчийн амжилтаар тодорхойлогдоно. Багш нарыг шударга, үнэн зөв шүүдэг болохын тулд хувьсах зардлын өөрчлөлтүүдийг хийнэ
Манай багш нар 14 нэр төрлийн цалингийн нэмэгдэл авдаг. Асуудал юунд байна гэхээр багш нарын суурь цалин маш бага байдаг. Үүнийг нэмж байж дараа дараагийн нэмэгдэл цалин нь багш нарт орлого болж харагдахаар байна. Тиймээс юуны түрүүнд суурь цалинг нь нэмж, дараагаар нь гүйцэтгэлийн тогтолцоо руу шилжихээр төлөвлөж байна.
Дараагийн асуудал бол интернэт, практикийн зардал буюу багш нарын карманаас гардаг мөнгө. Нэг хичээлийн жилд нэг багшаас 200-300 мянган төгрөг гардаг. Тиймээс энэ асуудлыг ч мөн шийднэ" гэлээ.