/2023.03.27/: Жэн Линхуа гэгч 23 настай охин их сургуульд элсэн орсноо тэмдэглэж хэвтрийн өвөөтэйгөө авхуулсан баярлаж байгаа зургаа Хятадын олон нийтийн сүлжээнд нийтэлснээс хойш зургаан сарын дараа нас баржээ.
Тэрээр Xiaohongshu платформ дээр ягаан үстэй, баяр дүүрэн зургаа постолсон бөгөөд зургийн тайлбарт Зүүн Хятадын Багшийн Их Сургуульд хөгжмийн чиглэлээр суралцах эрх авснаа дэлхий нийтэд зарласан байна.
"Өвөө намайг бага байхаас л миний түшиг тулгуур болж ирсэн... Энэ сургуульд элсэх хүсэлт гаргах болсон нэг шалтгаан нь өвөөгөөрөө бахархуулах байлаа" гэж бичжээ. Харамсалтай нь түүний баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй.
Хэдхэн хоногийн дотор тэрээр онлайн дээрэлхэлтийн бай болжээ. Түүний зургийг элдвээр эвлүүлэн нийтэлж янз бүрээр доромжлон дамжуулцгааж эхэлсэн байна. Дараа нь түүнийг "шөнийн цэнгээний газрын охин", "муу ёрын сүнс" гэж хүртэл нэрлэж эхэлсэн бөгөөд энэ явдал ч дуусах янзгүй байж.
Жэн хэрхэн нас барсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч өнгөрсөн сард түүний нэг найз нь Шяохоншу сувгаар "Интернэтэд болон сургууль дээрээ маш ихээр дээрэлхүүлсний улмаас Жэн Линхуагийн амьдрал 2023 оны нэгдүгээр сарын 23-нд дууслаа" гэж мэдээлсэн байна.
Кибер дээрэлхэх гэж нэрлэгддэг зүйл хаа сайгүй тохиолдож байхад Хятадын сошиал медиа компаниудад хүчирхийллийг таслан зогсоох талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаагаас уг үзэгдэлд ихээр нэмэгдэж байна. Хятадад олон нийтийн сүлжээний 2000 гаруй хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 10 хүн тутмын дөрөв нь ямар нэгэн байдлаар цахим хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн хохирогчдын 16 хувь нь амиа хорлох бодолтой байсан нь тогтоогджээ. Бараг тал хувь нь сэтгэлийн түгшүүр, 42 хувь нь нойргүйдэл, 32 хувь нь сэтгэлийн хямралд орсон байна.
Жэн эхэндээ өөрийг нь цахимаар хүчирхийлж байсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар төлөвлөж байсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Weibo сайтын нийтлэл дээрээ "Дэлгэцийн цаанаас тан руу галзууран дайрсан хүмүүсийг хэрхэн шүүхэд өгөх вэ?" гэж нийтэлж байжээ. Гэвч тэрээр хожим нь сэтгэл гутралд орсон гэж оношлогдож, эм уусан бөгөөд энэ тухайгаа нийгмийн сүлжээндээ унтаж, хооллох эмгэгтэй хэрхэн тэмцэж байсан тухайгаа дэлгэрэнгүй хуваалцжээ. Арваннэгдүгээр сард тэрээр "сэтгэл гутралын эсрэг идэвхтэй тэмцэж байна" гэсэн гарчигтайгаар эмнэлгийн тасагт байгаа зургаа хуваалцжээ.
Түүний үхэл нь Хятадад цахим дээрэлхэлттэй холбоотой олон тооны нас баралтын хамгийн сүүлийн тохиолдол юм.
Эх сурвалж ВВС