/2022.3.13/ Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн үйл ажиллагааны үеэр сэтгүүлчид Хууль зүйн сайд Х.Нямбаатараас “Оюутолгойн уурхайн ажилтнууд нь кэмпид байрладаг. Энд хөгжил цэцэглэлт гэж зүйл үлдэхгүй юу, хот байгуулж болдоггүй юм уу” гэж асуухад тэрбээр:
-Жил бүр таван сая доллар буюу нийт 50 сая ам.долларын хүрээнд Ханбогдын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Ханбогд хот болгон хөгжүүлэх санхүүжилтийн гэрээнд өнгөрөгч 2022 онд гарын үсэг зурагдсан. 2013 оноос ил уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн, өнөөдрөөс далд уурхайн үйл ажиллагаа жигдэрч байна. Тэгэхээр цаашдаа манай улсын эдийн засаг улам бүр тэлэх боломжтой хэмээн хариуллаа.
Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.
Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэрт өнгөрөгч онд гарын үсэг зураг зурсан юм. Гарын үсэг зурах ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Ханбогд сумыг зөвхөн уул уурхайгаас гадна галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан гэдгийг дурдах нь зүйтэй хэмээж байв.