/2023.3.13/ Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болдоос Оюутолгойн гүний уурхайн нээлтийн үеэр сэтгүүлчид зарим зүйлийг асуулаа.
Б.Болд:
-Зэсийн хэрэглээ дэлхий дахинд улам бүр өсөж байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч ялгаагүй их зэс хэрэглэж байна. Эрэлт нэмэгдэж байгаа үед зэсийн үйлдвэрлэлээрээ бид дэлхийд дээгүүр орох үйлдвэр нээж байна. Үе шаттайгаар өсөлт нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Оюутолгой хөрөнгө оруулалтын зардлаа ил уурхайгаас олборлож байгаа зэсийн борлуулалтаасаа олж байна. Жилдээ 150 мянган тонн зэс олборлож, 1,9 сая долларын борлуулалтын орлого болж Монголбанканд тушаагддаг. Үүнээс бид монгол ажилтнуудынхаа цалин, эрчим хүч зэрэг хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж байна. Төсвийн гүйцэтгэл 83 хувьтай явж байна. Аль болох бид нэмж өр тавихгүйгээр ямар боломжоор санхүүжих вэ гэдэгт анхаарч байна.
-Оюутолгой цахилгааны хэрэглээний талаар ямар байр суурьтай байна вэ?
-Оюутолгой эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь олон улсад болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын гэрээ учир, төрөөс Тавантолгойн цахилгаан станц бэлэн болох үед бэлэн гэрээ байгаа гэсэн үг. Гэхдээ говийн сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа учир түүнийг хэрхэн ашиглаж болох талаарх судалгааг хийж байна.
-Зэс боловсруулах үйлдвэрийн талаар?
-Зэс боловсруулах үйлдвэр бол Ч.Хүрэлбаатар сайд бидний олон жил ярьж, мөрөөдөж ирсэн төсөл юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “Зэс боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг хийнэ” гэсэн заалттай. Энэ судалгаа хамгийн сүүлд 2016 онд хийгдэж байсан. Уул уурхайн салбарын хөгжил нэлээд сайжирсан учир Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран Монгол Улсад ашигтайгаар яаж хийх вэ гэдэгт анхаарна. Мөн зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болвол зэс импортлохоо болино. Мөн хайлуулах үйлдвэрийн эцсийн шатанд өөр ямар төрлийн ховор элемент гаргаж авч болох вэ гэдэг судалгааг хийж байна.
-Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээ ямар шатандаа байгаа вэ?
-УИХ-ын 92 болон 103 дугаар тогтоолын дагуу таван асуудлаас дөрөв нь шийдэгдсэн. Татварын маргаан дээр эцэслэн шийдээгүй ч, яриа хэлэлцээ үргэлжилж, гарц шийдэл хайх байр суурьтай байна.