/2023.03.06/ Эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, 12 настай хоёр хүүхэд дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Улмаар Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг гаргажээ. Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгасан байна.
Эргэн сануулахад, Ч.Маралмаа нь өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн байдаг.
Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
ВИДЕО: