/2023.03.06/: Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ өчигдөр Канад улсын Торонто хотноо эхэллээ.
Монгол Улс нь энэхүү арга хэмжээнд 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар цогц мэдээлэл өгөх, салбарын сайдууд болон бусад оролцогч талуудтай санал солилцох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх, хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох чухал ач холбогдолтой уулзалтуудыг зохион байгуулах юм.
Мөн манай улс үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, өөрийн орны ашигт малтмалын хэтийн төлөв, салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид баримтлах бодлогыг танилцуулна.
“PDAC 2023” арга хэмжээнд Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Я.Ариунболд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон салбарын томоохон компаниудын төлөөллүүд оролцож байна.
Эх сурвалж: УУХҮЯ