/2023.02.28/ Нэгэн халимаг эрэгтэй "Чингис хаан" Олон улсын нисэх буудал дээр гацаж, Монгол Улсын хилээр нэвтрэх боломжгүй байгаа талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор бид тухайн нисэх буудлын ажилтантай холбогдон тодрууллаа. Ингэхэд, "Тийм хүн бий. Энэ хүн Алма-Ата хотоос нисэж ирсэн юм байна лээ. Тиймээс ирсэн газар руу нь буцаахаар ажиллаж байна. Гэхдээ өөрөө явахгүй гээд байгаа. Тухайн хүний гадаад паспорт зөрчилтэй буюу хугацаа нь дууссан учир хилээр нэвтрүүлэх боломжгүй. Бусад асуудлын талаар нарийн хэлж мэдэхгүй байна" гэсэн юм.
Түүнчлэн Гадаад харилцааны яамтай холбогдож асуухад, "Тухайн иргэн одоогоор албан ёсны орогнол хүссэн мэдээлэл байхгүй байна.
Тус ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Энэ асуудал нь хилийн зөрчлийн асуудал. Тиймээс холбогдох байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа.
Манай улс паспортын хүчинтэй хугацааг наад тал нь 6 сарын хүчинтэй байх шаардлага тавьдаг. Бүх улс орны хил дээр энэ зөрчилтэй бол нэвтрүүлдэггүй. Тиймээс энэ хүний асуудлаар холбогдох байгууллагууд нь ярилцаж шийдээ гаргах байх гэлээ.