Биржийн арилжаанд хоршоо, худалдан авагч тал шимтгэл, хураамж төлөхгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биржийн арилжаанд хоршоо, худалдан авагч тал шимтгэл, хураамж төлөхгүй

/2023.02.28/: Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршоонд чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн биржээс хоршоог дэмжих жилийн хүрээнд хоршооны арилжааны шимтгэлийг тэглэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хоршоог дэмжих жилийн хүрээнд Хөдөө аж ахуйн биржээс 17 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран орон нутагт 1000 орчим малчид, хоршоо болон холбогдох хүмүүстэй уулзалт хийж, танилцуулга зохион байгуулсан. Энэ ажилд үндэслэн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд биржийн байнгын бус гишүүн хоршооны суудлын хураамж, арилжаа, төлбөр тооцооны шимтгэл болон хоршооны арилжсан бараа, түүхий эдийг худалдан авагч талын арилжаа, төлбөр тооцооны шимтгэлийг тэглэсэн.
Өөрөөр хэлбэл, арилжаанд оролцогч үндсэн субъект болох хоршоо, худалдан авагч тал ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй арилжаанд оролцож, бараа, түүхий эдийг худалдах, худалдан авах боломжтой болсон.

-Одоогоор Хөдөө аж ахуйн биржтэй хэдэн хоршоо хамтран ажилладаг вэ?
Бирж нь 2023 оны 1 сарын байдлаар нийт Улаанбаатар хот болон 18 аймгийн 75 хоршоотой байнгын бус гишүүний гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Одоогоор хоёр хоршоо биржийн арилжаанд оролцож, 177 богц ноолуурыг дотоодын үйлдвэрт арилжаад байна.

-Зөвхөн Хөдөө аж ахуйн биржийн гишүүн, хоршоод л шимтгэл, хураамжийн хөнгөлөлтөд хамрагдах уу?
-Ер нь бол тийм. Гэхдээ бүх хоршоонд ийм боломж байгаа. Биржийн арилжааг сонирхож байгаа хоршоод нь биржид хүсэлт гарган шалгуур үзүүлэлтийг хангаж, байнгын бус гишүүний гэрээ байгуулан арилжаанд оролцож болно.

-Хоршооны бараа, түүхий эдийг худалдан авагч тал болон тухайн хоршоонд ямар давуу тал үүсэх вэ?
-Хэд хэдэн томоохон давуу талтай. Худалдан авагч дотоодын боловсруулах үйлдвэр нь худалдан авсан үнийн дүнгээс НӨАТ-ын тухай хуулийн 14.1.4-ийн дагуу 10 хувиар хасалт хийлгэнэ. Бараа, түүхий эд байнга нийлүүлэгч хоршоодтой болно.

Хоршооны хувьд зөвхөн аймаг орон нутгийн ченжээр хязгаарлагдахгүй, олон тооны худалдан авагчдад бараа, түүхий эдээ зах зээлийн бодит үнээр цахим платформоор дамжуулан арилжина. Энэ нь тухайн хоршоо нь орон зайн хязгаарлалтгүйгээр, олон тооны худалдан авагчидтай болно гэсэн үг. Мөн санхүүгийн сахилга баттай болох, төлбөр тооцооны найдвартай байдал хангагдах, бараа, түүхий эдийн чанар сайжрах, үнэ өсөх нөхцөл бүрдэнэ.

Ер нь цаашид хоршоод биржийн арилжаанд идэвхтэй оролцвол үйл ажиллагаа нь тогтворжих, санхүүгийн байдал нь сайжрах, хариуцлагатай болох зэрэг давуу талууд үүсэхээс гадна хөдөө аж ахуйн хоршооны бараа, түүхий эдийн бүхий л мэдээлэл ил тод болж, үйлдвэр хоршооны хооронд кластерын сүлжээ бий болно.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
 
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.