Breathe Mongolia - Цэвэр Агаарын Эвсэл нь Монголын агаарын бохирдлын хямралыг арилгахаар зорилт тавин ажиллаж буй олон улсын мэргэжлийн болон идэвхтэй иргэдийн багаас бүрдсэн АНУ болон Монголд бүртгэлтэй (Агаарын Харуул НҮТББ) иргэний нийгмийн байгуyллага юм.
Бид олон нийтэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл олгож, журам, бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг.
Breathe Mongolia нь дээрх зорилгын хүрээнд дараах арга барилаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнд:
- Олон нийтэд агаарын бохирдлын талаар мэдлэг олгож, эрүүл мэндээ хамгаалах, бохирдлыг бууруулахад уриалах
- Гаргасан бодлого, журамд хөндлөнгийн хяналт тавьж олон нийтэд танилцуулж хариуцлагын тогтолцоог сайжруулах
- Aгаарын бохирдлын бууруулах ажил хийж буй мэргэжилтнүүд болон зорилго нэгтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих
Breathe Mongolia иргэний нийгмийн байгууллага нь 2017 онд Монгол, Өвөр Монгол залуучууд Нью-Йорк, Улаанбаатар, Вашингтон ДиСи, Будапешт, Чикаго хотуудад #BreatheMongolia hashtag-ийн дор Монгол Улсад үхлийн аюултай агаарын бохирдлын талаар олон нийтийн анхаарлыг хандуулж, тайван жагсаал зохион байгуулсан. Тэдний Нью-Йорк хотын Таймс Скүэр талбай дээрх тайван жагсаал National Geographic Your Shot цахим хуудасны зургийн цомогт хэвлэгдэж, жагсаалыг шууд фэйсбүүкээр шууд дамжуулахад 529 мянган үзэлт, 19 мянган сэтгэгдэл авч, таван мянга гаруй удаа хуваалцсан.
Энэхүү жагсаал нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд болон дэлхийн иргэдийг нэгтгэсэн бөгөөд манай үүсгэн байгуулагчид Улаанбаатар, АНУ-ын Сан Франциско, Нью Йорк хотуудаас танилцаж Breathe Mongolia - Цэвэр Агаарын Эвсэл ашгийн бус байгууллагыг 2019 онд албан ёсоор үүсгэсэн.
Энэ хүртэлх хугацаанд:
- АНУ болон Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага болсон
- Гадаад, дотоодын xандивлагчид, cанхүүжүүлэгч /донор/ байгууллага болон хамтран ажиллагч байгууллагуудтай ажилласан
- Агаарын бохирдлын хос хэлний 2 нэгдсэн мэдээллийн сан, хамтын ажиллагааны талбарыг ашиглалтад оруулсан (https://breathemongolia.org/, https://agaarneg.mn/)
- 15 гаруй улсаас, 50 гаруй агаар мандлын химич, программ хангамжийн инженер, хот төлөвлөлт, анагаах ухааны доктор, бодлогын шинжээч зэрэг олон мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурынхантай болон хөгжсөн
АЛСЫН ХАРАА
Бидний алсын хараа нь цэвэр, тогтвортой, цэцэглэн хөгжиж буй Монгол Улс.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бидний эрхэм зорилго бол иргэдийг Монгол орны агаарын бохирдлыг бууруулах хэрэгслээр хангах.
БИДНИЙ АЖИЛ ТОГТВОРТОЙ АЖЛЫН ХҮРЭЭНД
Бидний үйл ажиллагаа НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгууд (SDGs) -д хувь нэмэр оруулж байгаа бөгөөд тодруулбал, бид дараах 7 зорилгуудтай үйл ажиллагаагаа уялдуулж, хувь нэмрээ оруулахын тѳлѳѳ зүтгэн ажиллаж байна.
ОНЦЛОХ ТӨСЛҮҮД
Breathe Mongolia цэвэр агаарын нэгдэл нь өдийг хүртэл олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд ажиллаж буй 3 талбарын хүрээнд дараах төслүүдийг онцлон дурдаж байна.
- Олон нийтэд боловсрол олгох
Take Action - Таны Оролцоо: 2021 онд “Take Action - Таны Оролцоо” төсөл болох эрүүл мэндээ хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахын тулд хөрсөн дээр ямар дадал хэвшүүлж, арга хэмжээ авах талаар иргэдэд зориулсан мэдлэгийн санг ашиглалтад оруулсан. Уг талбар дээр маск зүүх, ногоон зээл авах, автомашины утааг бууруулах гээд тухайн үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдлэгийн мультимедиа хэлбэрээр авч, цахим амлалт өгч, бусдыг уриалж болно.
Таны оролцоо төсөлтэй танилцахыг хүсвэл дараах холбоосоор орно уу. https://breathemongolia.org/take-actions. Бодит үйлдэл хийх зааврыг нэг цэгээс авч бусадтай хуваалцаарай. Мөн манай баг 500 гаруй сургуулийн сурагч, оюутнуудад агаарын бохирдлын талаар биечлэн сургалт орж, эрүүл мэндээ хамгаалах дадал зуршлыг суулгаж, шаардлагатай үед шүүлтүүртэй маск хандивлан, цар тахлын хөл хорионы үед сарын хоол хүнсээр ч дэмжих аян өрнүүлж байсан.
ДЭМБ-аас дэлхийн агаарын чанарын зөвлөмжийг шинээр гаргаж, Breathe Mongolia баг эрдэмтдийн хамтарсан мэдэгдлийг орчуулсан: 2021 оны есдүгээр сард Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан агаарын чанарын шинэчилсэн удирдамжийн тухай нэгдсэн мэдэгдлийг Монгол хэл руу албан ёсоор орчуулан гаргасан бөгөөд уг зөвлөмжийн ач холбогдлыг олон нийтэд хүргэх, Монгол улсын агаарын чанарыг бууруулах бодлогод нөлөөлөх ажлаа гүйцэтгэсээр байна.
Цэвэр агаарт таны оролцоо төсөл: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, утааны өртөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүтэн жилийн хүрээнд зохион байгуулах Астразенека компанийн 50,000 ам.долларын санхүүжилтийг 2022 онд хүлээн авсан бөгөөд, “One Young World”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь бага насны хүүхэдтэй айл өрхүүдийн дотор агаарын чанар, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын асуудлыг шийдэхийг зорьж байна. Breathe Mongolia Астразенека компанийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр иргэдэд сургалт зохион байгуулж агаарын бохирдлын өртөлтийг бууруулахын тулд хамтарч ажиллаж байна.
UNLEASH Hacks: 2021 оны зун олон улсын Unleash Hacks Mongolia-г “Агаарын бохирдлыг багасгах дижитал шийдлүүдийг боловсруулах нь” сэдвийн хүрээнд 80 гаруй оролцогчдын дунд хамтран зохион байгуулсан.
Уур амьсгал, агаарын бохирдлын сэдэвт уралдаан: 2022 оны зун бид дунд сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын дунд таван долоо хоногийн туршид уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой холбоотой асуултуудад хариулж, цогц ойлголтыг авах боломжийг олгох зорилгоор Green Dot, Tomyo апп-тай хамтран асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан. 2200 гаруй оролцогчдоос тэмцээнд түрүүлсэн оюутан сурагчдад хамтарсан байгууллагууд болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зүгээс гарын бэлэг өгч урамшуулав.
- Хөндлөнгийн хяналт
Агаарын чанарын мониторинг: Breathe Mongolia цахим хуудсан дээр байдаг газрын зураг дээр Монгол улс дахь хамгийн олон байршилд агаарын чанарын индексийг харуулдаг бөгөөд тухайн дотор болон гадна агаарын чанарт тохирсон зөвлөмж, арга хэмжээнүүдийг нэг дороос цогц байдлаар олж авах боломжтой. Агаарын чанар хэмжигч төхөөрөмжүүдийг мэргэжлийн багаар бүрдүүлэн суурилуулж, тогтмол хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.
Агаар нэг: 2021 оны эхээр “Агаар нэг” https://www.agaarneg.mn/ хэмээх агаарын бохирдлын хос хэлний нэгдсэн мэдээллийн сан, хамтын ажиллагааны талбарыг үүсгэсэн. Энэхүү платформ дээр агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлттэй холбоотой судалгааны ажил, төслүүдийн танилцуулга, тайлан, нийтлэлүүд, хөрсөн дээр ажиллаж буй бүх төрийн, олон улсын, төрийн бус байгууллагуудын танилцуулга, холбогдох мэдээлэл байгаа.
Эрэн сурвалжлах мэдээ: Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв (МЭССЗТ) Breathe Mongolia-тай хамтран 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарт хөндлөнгийн хэмжилтийг хийсэн. Ингэж бүрдүүлсэн үзүүлэлтүүдээрээ мэдээллийн сан үүсгэж, анализ хийсний үндсэн дээр agaar.mn сайт болон Агаар апп-ын мэдээлэл иргэдийг төөрөлдүүлж байгааг илрүүлэн нийтэлсэн.
Мөн COVID-19той тэмцэхэд зориулж Монгол Улсын засгийн газарт өгсөн зээл, тусламжийг Breathe Mongolia баг төрөл бүрийн мэдээллийн эх үүсвэрийг ашиглан нарийвчлан судалж, 2020 оны наймдугаар сарын 5-нд тухайн санхүүжилтийн хураангуй тайланг вебсайт дээрээ нийтэлсэн.
- Хамтын ажиллагаа
Дээр дурдсан ажлуудыг Breathe Mongolia дараах байгууллагуудын хамтын ажиллагааны тусламжтай хийж гүйцэтгэсэн.