Ё.Нямдаваа: ЕБС-иудад зөөлөн ур чадвар, хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Нямдаваа: ЕБС-иудад зөөлөн ур чадвар, хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй

/2023.01.24/ Хүүхдийг ивээх сангаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатарт аймагт хэрэгжүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор Хүүхдийг ивээх сангийн төслийн менежер Ё.Нямдаваагаас тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд энэхүү төсөлд хамрагдсан сурагчид яг ямар ур чадваруудад суралцаж, ямар үр дүнд хүрсэн бэ?
-Ажил олгогч нарын ажилтанд тавих шаардлага жилээс жилд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл мэргэжилдээ сайн байх нь нэг хэрэг, харин хандлага төлөвшил нь зөв байвал мэргэжлийн ур чадвар дээр нь тулгуурлан цаашид илүү хөгжүүлэх боломжтой гэдгийг ойлгож байна. Тиймээс төслийн хүрээнд зөөлөн ур чадвар буюу хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг зохион байгууллаа. Одоогоор политехник коллеж, МСҮТ-үүдийг хамруулан төслөө хэрэгжүүлж байна.

Энэ үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдүүдийн хувьд өөрчлөлт гарч байгаа нь үнэхээр мэдэгдэж байгаа. Багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадварууд нь сайжирч байгаа нь илт харагдаж байна.

-Яагаад заавал орон нутгийн хүүхдүүдийг сонгож төслөө хэрэгжүүлэхээр болсон бэ?
-Нийслэлийн хүүхдүүдийн хувьд хөгжих боломж нь орон нутгийн хүүхдүүдтэй харьцуулахад их байдаг. Хувь хүний хөгжлийн сургалт, дугуйлангууд ихэвчлэн хот суурин газарт явагддаг. Эсрэгээрээ суманд амьдардаг хүүхдүүдэд энэ боломж нь харьцангуй бага байдаг. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн багш нар ч гэсэн маш ховор байдаг. Тиймээс орон нутагт хэрэгжүүлж байгаа. Манай төслийн онцлог нь алс байдаг аймаг сумдад хүрч ажиллаж байгаа. 2022 оны намраас мэргэжлийн боловсролын сургуулиуд дээр туршилт хийж эхэлсэн.

-Энэ сургалтын хөтөлбөр ямар онцлогтой вэ. Манай улсад өмнө нь ийм хөтөлбөр байсан уу?
-Бизнес судлал гэж сонгон суралцах хичээл байдаг боловч манай энэ хөтөлбөртэй адилгүй, тиймээс ийм хөтөлбөр боловсруулж байгаагүй гэж бодож байна. Энэ хөтөлбөрөөр эзэмших 2 сэтгэлгээ, 6 багц ур чадвар, 5 мэдлэгийн хүрээг олон улсын туршлага, монгол хүүхэд, залуучуудын онцлог, хэрэгцээнд тулгуурлан тодорхойлсон. Мөн манай сургалтын нэг онцлог бол эдгээр агуулгыг судалсан хүүхэд, залуучууд маань сургалтад хамрагдсаныхаа дараа баг болон төсөл боловсруулж, шаардлага хангасан бол тодорхой хэмжээний санхүүгийн тэтгэлэг авч, эзэмшсэн ур чадвараа бодит амьдрал дээр хөгжүүлэх боломжтой болох юм.
- Хэрвээ зорилтот бус аймаг, сумдын хүүхэд, залуус сонирхож, суралцахыг хүсвэл сурах бичиг, гарын авлагыг авах боломжтой юу?
-Боломжтой. Энэ нэлээд шинэлэг ойлголт, агуулга учраас олон нийттэй нээлттэй байдлаар хуваалцаж, тэдний санал, бодлыг сонсох сонирхолтой байгаа. Бид сургалтын багцын дижитал хувилбарыг байгууллагынхаа цахим хуудас дээр байрлуулш, олон нийтэд нээлттэй болгосон байгаа. Хүссэн хүн бүр https://www.savethechildren.mn/mn/page/esel_training хаягаар авч болно.

-Боловсролын байгууллагуудад энэхүү сургалтын арга барил хэр дутагдаж байна вэ?
-Цаашид төр захиргаа, боловсролын байгууллагууд энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ сургалтын хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулиуд болон Насан туршийн боловсролын төвүүдэд нэвтрүүлснээр 14-25 насны өсвөр үеийн хүүхэд, залуус ирээдүйгээ төлөвлөх, зорилгоо биелүүлэх бүтээлч сэтгэлгээ, нийгэмд эзлэх өөрийн байр сууриа олоход шаардлагатай ур чадварууд, орон нутгийн хэрэгцээнд нийцсэн шинэлэг санаа олох, хэрэгжүүлэх чадамжтай болж, тэдний өсөлтийн болон энтрепренер сэтгэлгээ хөгжих юм.

-Төсөл цаашид ямар аймаг сумдад хэрэгжих вэ?
-Аливаа төсөл тодорхой цаг хугацаанд хэрэгжээд дуусах ёстой. Төслийн хүрээнд ESEL гээд сургалтын агуулга бий болголоо. Сургалтын хөтөлбөр, гарын авлага, багш нараа бэлтгэлээ. Тодорхой хугацаанд туршилт хийж, тодорхой үр дүнгүүдийг гаргалаа. Манай боловсролын системд зөөлөн ур чадварын талаарх агуулга, хөтөлбөрүүд зайлшгүй шаардлагатай байна гэдэг нь тодорхой байна. Төслийн хүрээнд энэ төрлийн сургалт зохион байгуулбал амжилттай болох юм байна гэдгийг нотоллоо.

Халдлага үйлдэгчийг зогсоосон баатар: Өмнө нь жинхэнэ буу харж байгаагүй
Халдлага үйлдэгчийг зогсоосон баатар: Өмнө нь жинхэнэ буу харж байгаагүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.