/2022.11.17/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Тойрог, сум болгонд баахан соёлын төвүүд байна. Гэтэл үүнийг жилдээ ганц, хоёрхон удаа л ашигладаг. Цагаан сараар нэг шагнал гардуулж алга ташдаг. Наадмаар нэг ашигладаг. Тэгээд л болоо. Бусад үед сахиул нь ашигладаг. Хамгийн их эрх мэдэлтэй хүн нь сахиул нь гэж байгаа. Арабын шейх шиг дуртай үедээ соёлын төвөө нээж хаадаг. Үүний оронд энийгээ хувийн секторт өгч, зардлаа хэмнэж болохгүй юм уу. Ингэж байж л бид төсвийн хэмнэлт ярина.
Үүний хариуд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Цэрэнпунцаг, "Таны хэлсэн шиг үр ашиггүй байдаг барилга байгууламжуудыг цаашид хувийн хэвшилд өгөх боломж бололцоог энэ хуулиар нээж өгч байгаа" гэлээ.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, "Сумын соёлын төвүүд жилд хоёрхон удаа ашиглагддаг гэдэг худал. Та өөрөө очиж үзэх хэрэгтэй. Тэнд чинь бас хүн амьдарч байгаа. Ж.Батсуурь гишүүнээс аймаг, сумын амьдрал ямар байдгыг сайн асуу" гэсэн юм.