/2022.11.17/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Монгол Улсын төр маш их томорсон байгаа. Төсөв жил бүр тэлж байна. Өнгөрсөн долоо хоногт төсвөө баталлаа. Онцлог нь 20.5 их наядаар тэлж батлагдсан. Дараагийнх нь шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Дэд бүтэц, хөгжлийн санхүүжилт хийх орон зай төсөвт байхгүй болсон. Эдгээр санхүүжилтийг хийх нь төрийн үндсэн үүрэг. Газар доорх дэд бүтцийн төсөл, зам, агаарын тээвэр, эрчим хүчний төслүүд эх үүсвэргүй болсон гэж хэлж болно. Хувийн секторууд иймэрхүү төслүүд рүү ордоггүй. Зөвхөн үр ашигтай тохиолдолд л ордог. Гэтэл Монголд ийм үр ашигтай төсөл байхгүй.
Тухайлбал, эрчим хүчний салбар нь үнийн хатуу зохицуулалттай. Гадны битгий хэл дотоодын компаниуд орсон ч шатна. Учир нь өртгөөсөө доогуур үнэлгээтэй. Цаашлаад банкны сектор үнэлгээ хийгээд үзвэл ашигтай төслүүд байхгүй. Маш цөөхөн. Энэ тохиолдолд бидэнд төр, хувийн сектор хамтарч санхүүжилт хийдэг платформ хэрэгтэй. Энэ агуулгаар нь хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна гэлээ.