/2021.08.23/: Хоёр долоо хоногийн өмнө Теннесси мужийн Мемфис хотын эмнэлэгт өдөрт ердөө хоёроос гурван хүүхэд Ковид-19 өвчний улмаас ирдэг байсан бол энэ долоо хоногт өдөр бүр 28 хүүхэд эмнэлэгт хандаж, тэдний зарим нь хүндрэн сэхээн амьдруулах тасагт шилжиж байна.
Засгийн газрын хамгийн сүүлийн мэдээллээр улс даяар Ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тохиолдол АНУ-д нас баралт хамгийн өндөр түвшинд байсан нэгдүгээр сараас хойш ажиглагдаагүй өндөр түвшинд хүртэл нэмэгдсэн байна. Эмч нарын хэлж байгаагаар нөхцөл байдал нэгдүгээр сарынхаас дор байна гэж мэдэгдэв.
Өвчлөл маш хурдацтай өсөж байна. Лхагва гарагийн байдлаар АНУ-ын эмнэлгүүд өдөрт дунджаар 1200 гаруй хүүхэд эмчлүүлхээр ирж байна. Энэ нь долдугаар сарын сүүлчээс хоёр дахин их, харин долдугаар сарын эхэн үеэс 4 дахин нэмэгдээд байна гэж NBC News-ийн хийсэн дүн шинжилгээнд дурджээ.
Энэхүү мэдээллээр коронавирусын дельта хувилбар олон нийтийн дунд тархац өндөртэй байгаа бөгөөд вакцин хийлгэх эсэхэд эргэлзэж буй иргэдийг олноор хамарч байна. АНУ-д хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх нь ихэссээр байгаа нь оргил үедээ хүрч байгааг харуулж байна.
Вакцинд хамрагдаагүй насанд хүрэгчид өмнөд нутгийн эрчимт эмчилгээний тасгуудыг дүүргэж байгаа бол насанд хүрээгүй хүүхдүүд хүүхдийн тасгийн асар хурдтайгаар дүүргэж байна.
Мемфис хотын нэг дүүрэг болох Шелби мужид нийт хүн амын 37 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бол Теннесси мужийн вакцинжуулалтын түвшин 40 хувьтай байна.
Амьсгалын замын синцитиал вирусын тохиолдол ихсэж байгаа нь хүүхдүүдэд голчлон нөлөөлж байгаа бөгөөд Ковидтой төстэй шинж тэмдэгтэй байгаа нь байдлыг улам дордуулж байна. Эмнэлэгүүд орны 95-97% нь дүүрсэн байгаа ба ойрын хэдэн долоо хоногт юу болохыг таамаглашгүй байна.
Эрүүл мэнд, нийгэм хамгааллын албаны /HHS/ мэдээллээс үзвэл хүүхдийн эмнэлэгт хэвтэх тоог хүн амтай нь харьцуулан үзвэл Алабама, Флорида, Делавэр, Луизиана, Оклахома мужуудад хамгийн өндөр байна. Делавэрээс бусад бүх газарт вакцинжуулалтын бүрэн тун улсын түвшингээс доогуур байгаа ажээ.
Шинэ хичээлийн жил эхэлсэн энэ үеэр улстөрчид, эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагууд маск зүүх эсэхээр маргалдаж байх хооронд хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж, эмнэлэгт хэвтэхээр хандсаар байна.
Өнгөрсөн сард Техас мужийн захирагч Грег Эббот вакцин хийлгэх, маск зүүхийг хориглосон захирамж гаргасан ба тус муж Ковидын өвчлөлөөрөө хамгийн өндөр түвшинд байгаа бөгөөд өдөрт 15000 тохиолдол бүртгэгдэж байгаагаас ойролцоогоор 219 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. АНУ-д дельта хувилбар тархсанаас хойш хүүхдийн өвчлөл өмнөхөөсөө нэмэгдэж байна.
Хүүхдийн өвчлөлөөрөө хоёрт Флорида муж орж байгаа бөгөөд өдөрт дунджаар 188 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа ба тус мужийн өсвөр насны хүүхдүүдийн 44% нь дархлаажуулалтандаа хамрагдсанаар хүн амын талаас илүү хувь нь бүрэн тунгаа хийлгээд байгаа ажээ.
Эх сурвалж: mbcnews.com