Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.
Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал хайллаа.
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРИЙН ИХ ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Хүн, байгаль хоёр харших болсон энэ цаг үед өвөг дээдэс маань эх дэлхийгээ эрхшээн түрэмгийлэх бус энэрэн хайрлаж ирсэн уламжлалыг бид алхам тутамдаа санаж явах нь зүйтэй. Учир нь энэ уламжлал өдгөө хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа байгалийн хүчин зүйлийг даван туулах, сав, шим ертөнцийн тэнцвэрт байдлын алдагдлыг шийдвэрлэх нэгэн зүйл арга болж иржээ” гэлээ.
Мөн байгаль эхдээ хүндэтгэлтэй хандан зүй ёсоор харьцдаг бидний өвөг дээдсийн энэ үнэт зүйлийг өнөө цагийн даяаршлын давалгаанд устаж алга болохоос нь сэргийлэн “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаал хайлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Үүний дараа Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун хан Д.Чойжамц, Жалханз хутагт Ч.Данзэнчойжийванчүг, Наро банчэн гэгээнтэн Б.Цэдэн-Иш тэргүүтэй лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол номуудыг уншиж мандал өргөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүүд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Отгон сумын харьяат, Аймгийн аварга малчин, Аймгийн алдарт уяач, Алтан унаганы эзэн Б.Дугаазааны адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Ийнхүү Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх долоо дахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөсөн юм.
Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 110 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд тус тус тахисан билээ.
Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байгаа бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм.
Отгонтэнгэр хайрхан уулын 2021 оны төрийн тахилгын ёслолыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа.
Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохон, дархан газрын бүсэд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуурууд бий.
Эх сурвалж: president.mn