НҮБ: Иргэний орон зай хумигдаж, ардчиллаас ухрах боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ: Иргэний орон зай хумигдаж, ардчиллаас ухрах боллоо

"Монголдоо сайхан амьдаръя" залуучуудын тайван жагсаал. Улаанбаатар хот. 2022 оны 5 сар.
Зургийг: © B.Ireedui

/2022.9.15/ Өнөөдөр Олон улсын Ардчиллын өдөр.

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ИЛГЭЭЛТ

Өнөөдөр, олон улсын ардчиллын өдрийн 15 жилийн ой тохиож байна.

Гэсэн атал, ардчиллаас ухрах явдал газар авч байна.

Иргэний орон зай хумигдаж байна.

Үл итгэлцэл, ташаа мэдээлэл улам бүр гаарч байна.

Мөн туйлшрал ардчилсан институцийг сулруулж байна.

Түгшүүрийн дохио дэлдэх цаг нь болжээ.

Ардчилал, хөгжил, хүний ​​эрх хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө бататгаж байдаг гэдгийг дахин батлах цаг нь болжээ.

Ардчиллын тэгш эрх, оролцоо, эв нэгдлийн зарчмуудын төлөө цэх зогсох цаг болжээ.

Мөн хуулийн засаглалыг баталгаажуулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хөхиүлэн дэмжихийн төлөө тэмцэж буй хүмүүсийн талд зогсох цаг нь болсон байна.

Энэ жил бид ардчилсан нийгмийн тулгын чулуу болох чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхаарлаа хандуулж байна.

Сэтгүүлчдийн амыг таглах оролдлого өдөр ирэх тусам улам бүр эрээ цээрээ алдаж, тэр дундаа эмэгтэй сэтгүүлчдийг хэл амаар дайрч доромжлох нь хэрээс хэтэрч, тэд цахим хяналт, хууль эрх зүйн дарамтад өртөж байна.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд цензур, баривчилгаа, бие махбодийн хүчирхийлэл, тэр ч байтугай аллагад өртдөг. Гэтэл, гэмт этгээдүүд ихэнхдээ шийтгэл хүлээдэггүй.

Ийм түнэр харанхуй руу явсаар байвал, тогтворгүй байдал, шударга бус байдалд хүргэж, нөхцөл байдлыг улам дордуулах нь гарцаагүй.

Чөлөөт хэвлэлгүйгээр ардчилал оршин тогтнож чадахгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгүй бол эрх чөлөө гэж үгүй.

Ардчиллын энэ өдөр, өдөр бүр эрх чөлөөг баталгаажуулж, газар бүр, хүн нэг бүрийн эрхийг хамгаалахын төлөө хүчээ нэгтгэцгээе.

Баярлалаа.

Луна криптовалютын хөгжүүлэгчийг баривчлах тушаал гаргажээ
Луна криптовалютын хөгжүүлэгчийг баривчлах тушаал гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.