/2022.09.15/: Тавдугаар сард болсон Luna криптовалютын аймшигтай уналтаас болж дэлхийн өнцөг булан бүрт крипто зах зээл донсолсон юм.
Уг үйл явдалтай холбоотойгоор Luna болон TerraUSD криптовалютуудын гол хөгжүүлэгч До Квоныг Өмнөд Солонгосын шүүх баривчлах тушаал гаргажээ.
Terraform Labs блокчэйн платформыг үндэслэгч Квоныг уналтын дараа хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлсэн хэрэгт буруутгагдаж байна.
"Одоо Сингапурт оршин сууж байгаа До Квоныг бусад 5 хүний хамт баривчлах тушаал гаргасан" гэж прокурорын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээллээ.
Зах зээлийн үнэлгээгээр дэлхийн шилдэг 10 криптовалютын тоонд багтаж байсан тогтвортой коин гэгддэг TerraUSD тавдугаар сард ам.доллартай харьцах ханшаа эвдэж, үнэ нь огцом унаснаас Luna токеныг давхар унагасан юм.
Энэхүү зоос нь 119 доллараас огцом унаж 0,0001 доллар болтлоо унасан юм.
Блокчейн аналитикийн Elliptic фирмийн мэдээлснээр энэхүү уналтаас болж хоёр зоосны хөрөнгө оруулагчид ойролцоогоор 42 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна.
Энэхүү үйл явдал нь АНУ-ын крипто зээлдүүлэгч Celsius болон Сингапурт төвтэй Three Arrows Capital зэрэг хэд хэдэн томоохон крипто компаниудын алдагдалд оруулжээ.
Наймдугаар сард Crypto медиа платформ Coinage-д өгсөн видео ярилцлагадаа Квон гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовсны улмаас Сингапур руу нүүсэн гэж мэдэгдсэн бөгөөд нүүх болсон шалтгаан нь мөрдөн байцаалттай ямар нэгэн холбоогүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN