
/2022.09.02/: Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
2022-2036 он хүртэлх 15 жилийн хугацаатай хэрэгжих төлөвлөгөөг боловсруулж, танилцуулсан юм. Төлөвлөгөөг боловсруулахдаа байгаль орчин, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогыг баримталж боловсруулсан байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын гол цөм нь хот, дагуул хот, тосгоны эдэлбэр газрын хил заагийн ерөнхий схем байх аж. Тэгэхдээ алслагдсан гурван дүүрэг буюу Налайх, Багануур, Багахангай чиглэлийн дагуул хот, тосгоны газар ашиглалт, суурьшил нь хүнд үйлдвэр, уул уурхайн салбарын хөгжилд тулгуурлана. Харин Эмээлт орчим, Шинэ зуун мод, Майдар дагуул хот, тосгоны орчим нь хөнгөн хүнсний үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгуурлах аж. Улаанбаатар хотын хувьд өндөр технологи, инновац технологи шингэсэн шинжлэх ухаан, боловсролын мэдлэгт суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, салбарын хөгжилд чиглэнэ хэмээн танилцуулав.
Тэгвэл дагуул хотуудын газар ашиглалт, суурьшил, нутагшил нь эрчимжсэн суурин хөдөө аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж өртөг нэмсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэржсэн хөдөө аж ахуйн бүс нутгийн хөгжилд тулгуурлан хөгжүүлэх юм байна.