/2022.8.30/ Сүүлийн үед сошиал хуудсуудаар "Залуус гэнэт харваж үхэх боллоо, зүрх нь гэнэт хаагдаад өнгөрсөн байна. Эдгээр нь ковидын вакцинтай холбоотой" гэх мэдээлэл ихээр тархах болов.
Тэгвэл цус харвалт, зүрхний шигдээс өвчинтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.
ЦУС ӨТГӨРӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
“Цус өтгөрөлт гурван янзаар явагддаг. Жишээ нь, улаан эсийн тоо олшрохоор эсийн хэлбэрийн цус өтгөрөлт болдог. Архаг тамхидалттай хүнд улаан эсийн өтгөрөлт байдаг. Мөн агаарын бохирдолттой холбоотойгоор хүчилтөрөгчийн дутагдлын үед мөн өтгөрдөг. Ковидын үед бас тохиолдоно. Цус өтгөрөлтийг эмчлэхийн тулд дараах гурван төрлийн алинаас болж өтгөрөөд байгааг оношилж тогтоож байж эмчилнэ” гэж ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл ярьлаа.
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ НАС БАРАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААН БОЛСООР
30 ЖИЛ БОЛЖ БАЙНА
Манай улсын хувьд 1992 оноос хойш зүрх судасны өвчний улмаас нас барах нь нийт нас баралтын шалтгааныг тэргүүлсээр байгаа юм.
ЗҮРХ СУДАСНЫ ТОГТОЛЦООНЫ ӨВЧИНД: Зүрх судасны тогтолцооны өвчлөлөөр цусны өндөр даралт, зүрхний дутагдал, Ишемийн зүрхний өвчин, хавхлагийн өвчлөл, гол судасны өвчлөл зэрэг багтдаг.
ЗҮРХ СУДАСНЫ ТОГТОЛЦООНЫ ӨВЧИН ҮҮСЭХ ШАЛТГААН: Мэдрэл сэтгэхүйн дарамт, сэтгэлийн хөдөлгөөн, цочрол стресс, удамшил, хоол тэжээлийн онцлог /давс хэтрүүлэн хэрэглэх, өөх тосны хэт хэрэглээ, хэтрүүлэн идэх, таргалалт/, хорт зуршил /архи, тамхи, кофе/, ажил мэргэжил, ажлын орчин, дуу чимээ, хөдөлгөөний дутагдал, цусны даралт өндөр байх зэрэг нөлөөлдөг байна.
Сүүлийн 10 жилээр нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг та бүхэнд датавизуалишнээр харуулъя.
Халдварт бус өвчнөөр өвдөх эрсдлийн хувьд эрчүүд эмэгтэйчүүдээс 1,5 дахин өндөр байдаг гэдгийг энд зориуд дурдах нь зүйтэй. Хөдөлмөрийн насны иргэдийн өвчлөл, нас баралтын 77 хувь нь халдварт бус өвчин байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид эрүүл мэнддээ анхаарч чадвал өвчлөл, нас баралтын хувийг бууруулах боломжтой.
Зөвхөн энэ 2022 оны байдлаар нас баралт, өвчлөлийн шалтгаан дараах байдалтай байгаа юм.
ЯАГААД СЭРГИЙЛЖ БОЛОХ ӨВЧНӨӨР ӨВДӨЖ, НАС БАРААД БАЙНА ВЭ?
Эрүүл мэндийн яамнаас халдварт бус өвчнөөр өвдөж, нас барж байгаа шалтгааныг тогтоохоор цуврал судалгааг явуулжээ. Ингэхэд дараах үр дүн гарсан байна. Тухайлбал, хүн амын 24,2 хувь нь архаг тамхичин. Эрчүүдийн хувьд бүр энэ хувь 50-д хүрч байгаа юм. Мөн нийт хүн амын 48,9 хувь нь илүүдэл жин, таргалалттай.
Өөрөөр хэлбэл, халдварт бус өвчин гэдэг нь бидний урьдчилан сэргийлж болох өвчин билээ.