/2022.08.24/: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар олон нийтийн байр суурь харилцан адилгүй, олон шүүмжийг дагуулж байгаа ч төрийн эрх барих, хууль тоггоох дээд байгууллага, Үндсэн хууль дээдлэн, үндэсний эв нэгдпийг хангах баталгаа болохынхоо хувьд Үндсэн хуулийн цэцээс гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, няцаах байр суурийг баримталж үл болох бөгөөд ардчилсан эрх зүйт төр ёсны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Цэцийн эцсийн шийдвэрийг хүндэтгэн Үндсэн хуулийн дагуу зохицуулах, залруулах үүргийг хүлээж байгаа нь Үндсэн хуулийн өмнө хүлээсэн хариуцлага юм.
Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн болохын хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эх болгох, цаашилбал Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул дээрх хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид танилцууллаа.
Эх сурвалж: УИХ