
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн бодит үнэнийг тогтоож, шударга ёсыг шаардах олон улсын цахим өргөдөлд 86 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. С.Шаарийбуу 100 мянган гарын үсэг цуглуулж, НҮБ-д хандахаар зорьж байна.
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрч байна. Түүний эцэг С.Шаарийбуу охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг тогтоож, бүх нөхцөл байдлыг ил болгох, шударга ёсыг тогтоолгохын төлөө олон жилийн турш тэмцэж ирсэн юм.
Энэ удаа тэрбээр олон улсын хэмжээнд олон нийтийн дэмжлэг авах зорилгоор “Dignity for Altantuya” нэртэй цахим гарын үсэг цуглуулах санаачилгад нэгдэж, 100 мянган хүний гарын үсэг цуглуулах зорилт тавьжээ. Арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар уг өргөдөлд 86,536 хүн гарын үсэг зурсан байна.
С.Шаарийбуу олон нийтэд хандаж, Малайзын Холбооны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг нь дэмжиж, гарын үсэг зурахыг хүссэн бөгөөд цахим орчинд гарын үсэг өгөхөд хүндрэлтэй байгаа иргэдэд, ялангуяа хөдөө орон нутгийн ахмад настнуудад оюутан залуус туслахыг уриалжээ.
20 жилийн өмнөх хэргийн эргэн тойронд
Ш.Алтантуяа 2006 оны аравдугаар сард Малайз улсад амиа алдсан бөгөөд тухайн үедээ 28 настай, хоёр хүүхдийн эх байв. Түүнийг буудан хөнөөж, цогцсыг нь C-4 төрлийн тэсрэх бодис ашиглан устгасан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг.
Уг хэрэгт Малайзын цагдаагийн тусгай алба хаагч асан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг буруутган ял шийтгэсэн. Малайзын Холбооны шүүх 2015 оны нэгдүгээр сард тэдэнд оногдуулсан ялыг сэргээн баталгаажуулсан юм.
Гэвч хэргийн захиалагч хэн байсан, аллагын цаана ямар шалтгаан, холбоо сүлбээ байсан зэрэг гол асуудал өнөөг хүртэл бүрэн тайлагдаагүй хэвээр байна. Мөн Сирул Азхар Умар Австралид байгаа тул түүнд холбогдох ялын шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал шийдэгдээгүй байна.
Нөхөн төлбөрийн маргаан дахин сөхөгдөв
Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн хэргийн эрүүгийн хариуцлагаас гадна иргэний журмаар нөхөн төлбөр нэхэмжилж ирсэн. 2022 онд Малайзын шүүх Малайзын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдийг гэр бүлийнхэнд учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагатай гэж үзсэн шийдвэр гаргаж байв.
Гэвч 2026 оны нэгдүгээр сарын 20-нд Малайзын Давж заалдах шатны шүүх Засгийн газрын гаргасан гомдлыг хүлээн авч, өмнөх шийдвэрийг өөрчилсөн байна. Ингэснээр Малайзын Засгийн газрын хариуцлагын асуудал болон нөхөн төлбөрийн хэмжээ дахин маргааны төвд оржээ. Ш.Алтантуяагийн гэр бүлийн тал уг шийдвэрийг эсэргүүцэн Холбооны шүүхэд хандахаар болсон юм.
Монгол Улс дипломат шугамаар шаардлага хүргүүлэв
Хэрэг гарснаас хойш 20 жилийн дараа Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг дипломат түвшинд дахин хөндлөө.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар Засгийн газрын тусгай элчийн хувиар 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, Малайзын талд дипломат шаардлага хүргүүлсэн талаар мэдээлсэн.
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас арваннэгдүгээр сарын 12-нд Малайзын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн дипломат ноотод дараах дөрвөн асуудлыг тавьжээ.
- Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой эрүүгийн болон иргэний шүүхийн ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл өгөх.
- Талийгаачийн гэр бүлийн шүүхэд хандах, хууль зүйн туслалцаа авах, хэргийн мэдээлэлтэй танилцах эрхийг баталгаажуулах.
- Шинээр илэрсэн болон өмнө нь шалгагдаагүй баримт, мэдээллийг Малайзын хууль тогтоомжийн дагуу шалгуулах.
- Шүүхийн эцсийн шийдвэрийг хэрэгжүүлэх болон талийгаачийн гэр бүлд цаашид үзүүлэх дэмжлэгийн талаар Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ өрнүүлэх.
Монголын тал Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн бөгөөд шүүхийн шийдвэрт улс төрийн нөлөө үзүүлэх бус, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах, хохирогчийн гэр бүлийн эрхийг хамгаалахыг зорьж байгаагаа мэдэгдсэн байна.
НҮБ-д хандах зорилго
С.Шаарийбуугийн хувьд 100 мянган хүний гарын үсэг цуглуулах нь олон улсын анхаарлыг татах, охиных нь хэргийн асуудлыг НҮБ-ын түвшинд хүргэх зорилготой алхам юм.
Тэрбээр олон жилийн турш охиныхоо хэргийн араас явж, Малайзын шүүхэд нэхэмжлэл гарган, олон улсын байгууллага болон Монголын төрийн дэмжлэгийг эрэлхийлсээр ирсэн. Түүний тэмцэл зөвхөн нэг гэр бүлийн хохирлыг барагдуулах асуудал бус, гадаад улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэний эрх ашгийг төр хэрхэн хамгаалах вэ гэсэн өргөн хүрээний асуудлыг хөндөж байна.
Одоогоор 100 мянган гарын үсгийн зорилтод хүрэхэд 13,464 гарын үсэг дутуу байна. Өргөдөлд нэгдэхийг хүссэн иргэд дараах холбоосоор гарын үсгээ өгөх боломжтой:
Цахим өргөдөл: https://c.org/mPw5qkjwhz
Ш.Алтантуяагийн хэрэг ийнхүү 20 жилийн дараа ч олон улсын анхаарлын төвд хэвээр байна. Харин С.Шаарийбуугийн олон жилийн тэмцэл, Монгол Улсын дипломат оролцоо, олон нийтийн дэмжлэг цаашид ямар үр дүнд хүрэх нь анхаарал татаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.