Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
 

Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тайлант хугацаанд экспортын орлого нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөж, улсын төсөв алдагдалтай гарсан байна.

ИНФЛЯЦ 13.4 ХУВЬД ХҮРЭВ

Монгол Улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсжээ.

Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 19.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн:

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 19.8 хувь

Тээврийн бүлэг 19.3 хувь

Боловсролын үйлчилгээ 17.7 хувь

Даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь

Согтууруулах ундаа, тамхи 16.5 хувиар тус тус өссөн байна.

Үнийн өсөлтийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны үнэ 14.3 хувь, үйлчилгээний үнэ 11.1 хувиар нэмэгджээ.

ЭКСПОРТЫН ОРЛОГО 17.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ

Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 28.9 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ.

Экспорт 17.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өссөн бол импорт 11 тэрбум ам.долларт хүрч, 16.3 хувиар нэмэгдсэн байна.

Экспортын өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүн голлон нөлөөлжээ. Тухайлбал:

Нүүрсний экспортын орлого 6.8 тэрбум ам.доллар болж, 50 хувиар өссөн.

Зэсийн баяжмалын экспортын орлого 7.6 тэрбум ам.доллар болж, 67 хувиар нэмэгдсэн.

Харин импортын өсөлтөд дизель түлшний импорт 74 хувь, автобензиний импорт 25 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Суудлын автомашины импорт зургаа, ачааны автомашины импорт 10 хувиар буурчээ.

Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт болжээ.

УЛСЫН ТӨСӨВ 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж 29.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар нэмэгджээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 26 их наяд төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 27.4 их наяд төгрөг болсон байна.

Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого 23.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн байна.

ДНБ 7.3 ХУВИАР ӨСӨВ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2026 оны эхний есөн сарын байдлаар 78.4 их наяд төгрөгт хүрч, бодит дүнгээр 7.3 хувиар өссөн байна.

Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, олборлолт, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлжээ.

Тухайлбал, нүүрсний үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэнээр уул уурхайн салбарын бодит үйлдвэрлэл 25.4 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөд 3.4 нэгж хувийн хувь нэмэр оруулсан байна.

Харин хөдөө аж ахуйн салбарын бодит үйлдвэрлэл 11.8 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийн 1.5 нэгж хувийг бүрдүүлжээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ 57 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 57 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар өссөн байна.

Үүнд уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 65.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Ийнхүү Монгол Улсын эдийн засаг уул уурхайн экспортын өсөлтөөр тэлж байгаа ч хүнсний бараа, үйлчилгээний үнийн өсөлт 13.4 хувьд хүрч, улсын төсөв алдагдалтай гарсан нь эхний 10 сарын голлох үзүүлэлтүүд болж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр мэтгэлцээнээс зугтаалаа
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр мэтгэлцээнээс зугтаалаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.