
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хэлэлцэв. Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн гэдгийг тэрбээр танилцуулав.

Улсын Их Хурлын даргын саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд уг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, А.Ариунзаяа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир санхүүгийн салбарт олон жил ажиллаж, мерит зарчмаар шатлан дэвшсэн төрийн албан хаагчийг чөлөөлж байгаа нь төрийн албанд мэргэжлийн хүмүүс ажиллах сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа хэлж, СЗХ болон тус хорооноос санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг хэлэлцэх шаардлагатай гэв. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө 2016 онд 535 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 10.21 их наяд төгрөг болж, бараг 20 дахин өссөнийг тэрбээр танилцуулж, энэ өсөлт нь санхүүгийн зах зээл томорсныг биш, харин иргэд өндөр хүүтэй зээлийн дарамтад орсныг харуулж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа төрийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд улс төрийн болон удирдлагын шахалтаас болж “өөрийн хүсэлтээр” ажлаас гарах нөхцөл үүсдэг асуудал нийтлэг байгааг хөндөж, төрийн байгууллагад ажлын байрны дарамт, хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид нэгдэн орох шаардлагатай гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн оруулж буй саналын талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт мөн тайлбар хийв. Тэрбээр хэлэхдээ, 2016 онд банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 500 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 10 их наяд төгрөгт хүрч, бараг 20 дахин өссөн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хэллээ. Үүнтэй зэрэгцээд банк бусуудын орлого, зээлийн хүүгийн хэмжээ ийм хэмжээгээр нэмэгдсэн. Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн хүү дунджаар 45 хувь, аппликэйшний зээлийн хүү 60 хувь байхад арилжааны банкны зээлийн жилийн хүү 18 хувь байна. Ийм өндөр хүүгийн дарамтыг бууруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Монгол Улсад уул уурхайн салбарын дараа хамгийн ашигтай бизнесийн нэг нь банк бус санхүүгийн салбар болжээ. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэхээс илүү зээл олгох бизнес ашигтай болсон нь энэ салбарын тэлэлтээс харагдаж байна.

Өнөөдөр иргэдийн орлого амьжиргаандаа хүрэлцэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болоод өрхийн зарлага орлогоосоо давж, иргэд амьдралаа залгуулахын тулд өндөр хүүтэй зээл авахад хүрч байна. Жишээлбэл, 10.0 сая төгрөгийн зээл авсан иргэн арилжааны банканд жилийн 1.8 сая төгрөгийн хүү төлдөг бол банк бус санхүүгийн байгууллагад 6.0 сая төгрөгийн хүү төлж байна. Өөрөөр хэлбэл иргэд зөвхөн зээлийн хүүд асар их мөнгө зарцуулж байгаа нь бодит дарамт юм.
Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 2021 онд 2.0 их наяд төгрөг байсан бол 2026 онд 10.0 их наяд төгрөгт хүрчээ. Зээлдэгчдийн тоо мөн хугацаанд 750 мянгаас 3.56 сая болж өссөн байна. Нийт зээлийн үлдэгдэл 2021 онд 1.6 их наяд төгрөг байсан бол 2026 онд 8.0 их наяд төгрөг болж тав дахин өссөн. Чанаргүй зээл 162 тэрбум төгрөгөөс 764 тэрбум төгрөг болж мөн ойролцоогоор тав дахин нэмэгдсэн байна. Энэ бол иргэд өндөр хүүгийн улмаас өр зээлээ төлөх чадваргүй болж, өрөөс өрийн хооронд амьдарч байгааг харуулж байгаа юм. Нэг талд банк бус санхүүгийн байгууллагуудын ашиг өсөж байгаа бол нөгөө талд зээлийн хүүгийн дарамтад иргэд улам гүн орж байгаа нь бодит нөхцөл байдал юм. Иймээс Монгол Улсын Их Хурал энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, зээлийн хүүг бууруулах бодлогын шийдвэр гаргах шаардлагатай байна. Энэ чиглэлд тодорхой хугацаатай үүрэг, даалгавар өгсөн боловч хангалттай үр дүн гараагүй.

Судлаачид болон эдийн засагчдын үзэж байгаагаар аппликэйшн зээлийн жилийн хүүг 60 хувиас 40 хувь болгож, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 45 хувиас 30 хувь хүртэл бууруулах боломж байгаа юм. Энэ өөрчлөлтийг хийж чадвал иргэдийн өрийн дарамт тодорхой хэмжээгээр буурч, үнийн өсөлтийн нөлөө ч багасах боломжтой.
Түүнчлэн СЗХ болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх шаардлага байна. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль 2002 онд, Даатгалын тухай хууль 2005 онд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2004 онд батлагдсанаас хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй байна. Тиймээс энэ салбарт шинэчлэл хийж, өрсөлдөөн, хяналт, зохицуулалтыг сайжруулах шаардлага үүсээд байгаа.
Мөн төрийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх, томилох асуудалтай холбоотойгоор хууль эрх зүйн зарим цоорхой байна. Өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан хүнийг чөлөөлөхгүй байх, эсвэл нэг асуудлыг санал хураалтаар унасан ч дахин дахин оруулж ирэх зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.
Эцэст нь, УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас иргэдийн эрх ашгийг хамгаалж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах бодлогын шийдвэрүүдийг хамтдаа гаргаж ажиллах ёстой гэлээ.
СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын даргын саналаар явуулах санал хураалтыг Баасан гарагийн 10:00 цагт явуулахаар хойшлуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.