Б.Найдалаад найдалтгүй боллоо...
 

Б.Найдалаад найдалтгүй боллоо...

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2027 оны төсөв эцэслэн батлагдлаа. Энэ удаагийн төсөв 41.5 их наядаар батлагдаад байгаа бөгөөд сонгууль угтсан "үрэлгэн" зардал ихтэй төсөв болсон талаар зарим гишүүд халаглан ярьж сууна. Ач холбогдол, чухлын эрэмбэ дараалал нь алдагдсан төсөв болж буйн тод жишээ бол эрчим хүчний салбарт төсөвлөсөн 479 тэрбум төгрөг төсөвлөсөн явдал байв. Үүнээс 261 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал аж.

Салбарын сайд Б.Найдалаа төсөв батлагдсаны дараа "Ирэх жилд нэг ч шинэ төсөл хэрэгжихгүй" хэмээн уурсангүй мэдэгдсэн. Үүний хажуугаар хэрэв ногдол ашгийг мөнгийг эрчим хүчний салбарт зарцуулсан бол байдал өөр байх байсан хэмээн иргэдэд ч юм уу эрх баригчдад ч юм уу гомдоллоод амжив. Б.Найдалаад найдалтгүй болсныг Б.Найдалаа сайд өөрийн амаар ийнхүү мэдэгдлээ...

Харин Засгийн газар Оюутолгойн ногдол ашигт найдан, эрчим хүчний салбараа ногдол ашгаараа босгох санаа өвөртөлж байсан ч үүнийг олон нийт дэмжээгүй. Дэмжээгүй тул ДЦС барих боломжгүй болсон хэмээн иргэдийг нэг талаараа "бойкотолсон" Засгийн газар эрчим хүчний салбартаа дорвитой хуваарилалт хийсэнгүй.

Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаад олон жил болж буй. Өдөр ирэх тусам цахилгаан, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа ч түүнийг үйлдвэрлэх станцууд хуучирч, шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалт төмөрийн хог болох дээрээ тулаад байгаа. Мөн одоо ажиллаж буй станцуудын нийт 49 турбогенератороос 19, 69 зуухнаас 12-ынх нь ашиглалтын хугацаа дууссан, зарим тоног төхөөрөмж 1960 оноос хойш ашиглагдаж байгаа, 11 дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж 42–65 жилийн насжилттай ажиллаж байгаа бөгөөд энэ өвөл ямар нэгэн осол гэмтэл гарчихгүй байгаасай хэмээн залбирах л үлдээд байна. Гэхдээ ингэтлээ хуучирсан тоног төхөөрөмжүүд хэзээ мөдгүй зогсож мэднэ. Тэр үед бид яах вэ?

Хотын төвд өндөр шилэн барилгууд баригдаж, метр квадратын үнэ нь тэнгэрт хадсан орон сууцны хорооллууд баригдаж, хамгийн өндөр төсөвтэй боловсролын салбар нь хүүхэд бүрт компьютер тараахаар болоод буй цаг үед цахилгаан, эрчим хүчгүй бол энэ бүхэн ямар ч үнэ цэнгүй зүйлс болно. Зам дээр түгжирч, инфляцад дарлуулж буй иргэд тоггүй, хүйтэн гэрт тэвчээд сууна гэдэг юу л бол.

Уг нь дулааны цахилгаан станц барих ажлыг заавал ногдол ашгийн мөнгөөр хийх шаардлага Засгийн газарт байгаагүй. Тэд өөрсдийн сонгуулийн зардлаас танахыг хүссэнгүй, нэн шаардлагатай төсөл хөтөлбөртөө мөнгө төсөвлөхийг хүссэнгүй. Тэдэнд "цавчаа" хэрэгтэй, сонгуульд зориулж тойрогоо услах хэрэгтэй, популизм хийж ашиг хонжоо олох хэрэгтэй. Харин иргэдэд хэтийдсэн улстөржилтөөс ангид бодит бодлого, шийдвэр хэрэгтэй байна Ерөнхий сайд аа!

Ж.Сондор

Д.Мөнх-Эрдэнэ: Х.Нямбаатар Бодь компанитай 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан
Д.Мөнх-Эрдэнэ: Х.Нямбаатар Бодь компанитай 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан
 
Монгол хэлээр Библи орчуулсны 720 жилийн ойг Улаанбаатарт тэмдэглэлээ
Монгол хэлээр Библи орчуулсны 720 жилийн ойг Улаанбаатарт тэмдэглэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.