Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазаар авах ял оноохыг шаарджээ
 

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазаар авах ял оноохыг шаарджээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласан хэрэгтэй холбоотой шүүхийн ажиллагаа үргэлжилж байна. Тус улсын тусгай прокурорын баг түүнд цаазаар авах ял оноох хүсэлт гаргасан бол анхан шатны шүүхээс оноосон бүх насаар хорих ялын давж заалдах шатны шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 26-нд гаргахаар товложээ.

Прокурорууд цаазаар авах ял хүсэв

2026 оны аравдугаар сарын 29-нд болсон давж заалдах шатны шүүх хурлын үеэр тусгай прокурорын баг Юн Сок Ёльд цаазаар авах ял оноохыг дахин шаардсан байна.

Прокурорууд түүнийг 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарлаж, парламентын үйл ажиллагааг хүчээр зогсоох, улс төрийн өрсөлдөгчдөө баривчлах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар төвлөрүүлэхийг оролдсон гэж буруутгаж байгаа юм.

Харин Юн Сок Ёль өөрийгөө төрийн эргэлт зохион байгуулаагүй бөгөөд сөрөг хүчний парламентын үйл ажиллагаанд анхааруулга өгөх зорилгоор онц байдал зарласан хэмээн мэдэгдсээр байна.

Бүх насаар хорих ялын давж заалдах шатны шийдвэр ирэх онд гарна

2026 оны хоёрдугаар сарын 19-нд Сөүлийн төв дүүргийн шүүх Юн Сок Ёлийг бослого зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар хорих ял оноосон.

Тэрээр уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд прокурорууд ч ялыг хөнгөн гэж үзэж, цаазаар авах ял хүссэн байна.

Сөүлийн дээд шатны шүүх 2027 оны нэгдүгээр сарын 26-нд давж заалдах шатны шийдвэрийг гаргахаар товложээ.

Ингэснээр анхан шатны шүүхийн бүх насаар хорих ял хэвээр үлдэх үү, эсвэл өөрчлөгдөх үү гэдэг нь ирэх оны нэгдүгээр сард тодорхой болно.



Ерөнхий сайд асан Хан Док Сүгийн хэргийг өнөөдөр Дээд шүүхээр хэлэлцэнэ

Юн Сок Ёлийн онц байдал зарласан үйл явдалтай холбоотой бас нэгэн чухал хэрэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгосын Дээд шүүхээр хэлэлцэгдэхээр товлогджээ.

Ерөнхий сайд асан Хан Док Сү нь Юн Сок Ёлийн цэргийн онц байдал зарлах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн, уг шийдвэрийг хууль ёсны мэт харагдуулахын тулд Засгийн газрын хуралдаан зохион байгуулах санал гаргасан зэрэг хэрэгт буруутгагдсан юм.

Мөн онц байдлын үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагын цахилгаан, усан хангамжийг таслах асуудлыг хэлэлцсэн, онц байдал зарласан баримт бичгийн хууль зүйн зөрчлийг нөхөх зорилгоор хожим баримт бичиг үйлдсэн зэрэг асуудал түүнд холбогдож байна.

Анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүх ялыг 15 жил болгон бууруулсан.

Өнөөдөр 16:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 15:00 цагт Дээд шүүхийн шийдвэрийг телевиз болон цахим сувгаар шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Энэ нь 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны цэргийн онц байдал төрийн эсрэг бослого мөн байсан эсэх асуудлаар Дээд шүүхээс гаргах анхны шийдвэр болох юм.



Юн Сок Ёлийн гэргий Ким Гон Хигийн хэрэг мөн өнөөдөр шийдэгдэнэ

Өнөөдөр Дээд шүүх Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн гэргий Ким Гон Хигийн хувьцааны ханшид нөлөөлсөн хэрэг болон авлигын шинжтэй бусад асуудлыг давж заалдах шатны эцсийн журмаар хэлэлцэхээр товлосон байна.

Түүнийг Deutsch Motors компанийн хувьцааны ханшийг зохиомлоор өсгөх схемд оролцсон, Нэгдлийн сүмээс үнэтэй бэлэг авсан зэрэг хэрэгт буруутгасан.

Давж заалдах шатны шүүхээс Ким Гон Хид дөрвөн жилийн хорих ял, 50 сая воны торгууль ногдуулсан бөгөөд Дээд шүүхийн шийдвэрийг өнөөдөр гаргахаар төлөвлөжээ.

Өмнөд Солонгосын улс төрийн түүхэнд үлдэх шүүхийн үйл явц

Юн Сок Ёль 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарласны дараа парламентын гишүүд уг шийдвэрийг хүчингүй болгох санал хураалт явуулсан. Улмаар онц байдал зарласнаас хойш хэдхэн цагийн дараа цуцлагдсан юм.

2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд парламент түүнийг огцруулах санал гаргаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 4-нд Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулсан.

Өмнөд Солонгосын прокурорууд цаазаар авах ял хүссэн боловч тус улс 1997 оноос хойш цаазаар авах ялыг бодитоор гүйцэтгээгүй байна.

Ийнхүү Юн Сок Ёлийн хэрэг төдийгүй түүний Засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон гэр бүлийн гишүүдтэй холбоотой хэргүүд Дээд шүүхийн шатанд үргэлжилж байгаа нь Өмнөд Солонгосын улс төр, хууль зүйн салбарын анхаарлын төвд байна.

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заавар
Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заавар
 
Ц.Элбэгдорж Монгол Улс цаазын ялыг халсан туршлагаа АНУ-д танилцуулжээ
Ц.Элбэгдорж Монгол Улс цаазын ялыг халсан туршлагаа АНУ-д танилцуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.