
Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт–Ганцмод боомтын тээвэрлэлт 2026 оны наймдугаар сараас хойш 40 орчим хувиар буурсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Түүний тайлбарласнаар БНХАУ-ын тал Ганцмод боомтын авто замд урсгал засварын ажил эхлүүлсэн нь нүүрсний тээвэрлэлтийг удаашруулах гол шалтгаан болжээ. Анх уг засварыг нэг сарын хугацаанд дуусгахаар мэдэгдсэн боловч ажлын хугацааг сунгаж, 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөж байгаагаа Монголын талд мэдэгдсэн байна.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт жолоочтой болон автомат жолоодлоготой нийлсэн 1,300 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол сүүлийн өдрүүдэд жолоочтой автомашины нэвтрэлт өдөрт 600 орчим болж буурчээ.
Үүнээс гадна Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд буцаж нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосноор Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт ч саатаж, өдөрт хил нэвтрэх цувааны тоо 13 байснаас 4 болж буурсан байна.
Сангийн сайд З.Мэндсайхан энэ асуудлаар БНХАУ-ын боомтын захиргаа, Өвөр Монголын Өөртөө Засах Орны холбогдох албан тушаалтнууд болон Гадаад худалдааны яамтай дипломат шугамаар холбогдон ажиллаж байгааг мэдэгджээ.
Тэрбээр мөн 2026 оны улсын төсөвт тусгасан 90 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хэдийнэ хүрсэн боловч оны эцэс хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тасалдуулахгүй байх шаардлагатайг онцолсон байна.
Ийнхүү БНХАУ-ын талд хэрэгжүүлж буй авто зам, боомтын засварын ажил Монгол Улсын нүүрс, зэсийн экспортод зэрэг нөлөөлж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.