
БНХАУ-ын хилийн шалгалт, нэвтрүүлэх хязгаарлалтаас шалтгаалан Оюутолгой уурхайн зэсийн баяжмалын экспорт 70 хувиар буурчээ. Хэрэв энэ нөхцөл байдал оны эцэс хүртэл үргэлжилбэл Оюутолгойн экспортын алдагдал 1.2 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна.
The Northern Miner хэвлэлд мэдээлснээр Оюутолгойн зэсийн баяжмал тээвэрлэдэг Гашуунсухайт–Ганц мод боомтоор нэвтрэх автомашины тоо эрс буурчээ. Өмнө нь өдөрт 12–13 цуваа автомашин хил нэвтэрдэг байсан бол одоо дөрөв орчим болж буурсан байна.
Үүний гол шалтгаан нь БНХАУ-ын Ганц мод боомтод хэрэгжүүлж буй дэд бүтэц, технологийн шинэчлэл бөгөөд тээврийн хэрэгслийн жолоочийг царай таних системээр бүртгэх шинэ технологийн нэвтрүүлэлт нь боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг хязгаарлажээ.
Уг шинэчлэлийн ажил анх есдүгээр сарын сүүлээр дуусахаар төлөвлөгдсөн байсан ч арванхоёрдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх магадлалтай байна.
Хилийн саатал зөвхөн зэсийн баяжмалын экспортод нөлөөлөөд зогсохгүй нүүрсний тээвэрт ч нөлөөлж эхэлжээ. Гашуунсухайт–Ганц мод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо өдөрт 1,300 орчмоос 1,000 гаруй болж буурсан байна.
Монгол Улсын экспортын гол зах зээл БНХАУ бөгөөд нүүрс, зэсийн баяжмал нь экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Иймд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлын хязгаарлалт удаан үргэлжилбэл уул уурхайн салбар төдийгүй улсын валютын урсгал, экспортын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Эх сурвалж: The Northern Miner
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.