
Сибирийн Эрхүү мужид аюултай халдварт өвчин судалдаг лабораторийн ажилтан уушгины хатгалгааны шалтгаанаар нас барсан хэрэг олон улсын анхаарлыг татаж байна. ОХУ-ын эрх баригчид тахлын халдвар илрээгүй гэж мэдээлсэн бол ДЭМБ өвчний шалтгааныг бүрэн тогтоох шаардлагатайг онцолжээ.
ОХУ-ын Эрхүү муж дахь Сибирь, Алс Дорнодын Тахлын эсрэг судалгааны хүрээлэнд ажиллаж байсан эмэгтэй аравдугаар сарын 2-нд нас барсан хэрэгтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) аравдугаар сарын 10-нд шинэчилсэн тайлан нийтэллээ.
Тус ажилтан есдүгээр сарын 29-нд хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд өвчний шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа аж. Түүний нас баралтыг уушгины тахалтай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл анх тархсан ч уг онош лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй байна.
Шинжилгээгээр тахлын халдвар илрээгүй гэж мэдээлэв
ОХУ-ын эрх баригчид ДЭМБ-д өгсөн мэдээлэлдээ нас барсан ажилтан болон түүнтэй хавьтал болсон хүмүүсээс олон төрлийн эмгэг төрүүлэгчийн шинжилгээ авсан гэж мэдэгджээ.
Аравдугаар сарын 9-ний байдлаар хавьтал болсон хүмүүсээс тахал зэрэг өндөр эрсдэлтэй халдварын үүсгэгч илрээгүй бөгөөд тэдний эмнэлгийн хяналт дууссан байна. Мөн тухайн хүрээлэнд лабораторийн аюулгүй байдлын зөрчил гарсан гэх мэдээллийг эрх баригчид няцаажээ.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар, хавьтал болсон хүмүүсийн дунд нэмэлт хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд энэ үйл явдалтай холбоотой халдварын үргэлжилсэн тархалтыг нотлох баримт одоогоор байхгүй байна.
Гэхдээ нас барсан ажилтны өвчнийг үүсгэсэн шалтгаан тодорхойгүй байгаа нь эргэлзээ дагуулсан хэвээр байна.
Сошиал орчинд тархсан лабораторийн ослын мэдээлэл батлагдаагүй
Энэ хэргийн дараа тахлын нян агуулсан хуруу шил хагарч, лабораторийн ажилтан халдвар авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан юм.
Гэвч уг мэдээллийг бие даасан нотолгоогоор баталгаажуулаагүй байна. ОХУ-ын эрх баригчид лабораторийн аюулгүй байдлын шалгалтаар эмгэг төрүүлэгчтэй холбоотой осол илрээгүй гэж мэдэгджээ.
Иймээс лабораторийн осол гарсан, тахлын нян гадагш тархсан гэх мэдээллийг одоогоор батлагдсан баримт гэж үзэх боломжгүй юм.
Уушгины тахал гэж юу вэ?
Тахал нь вирусээр бус, Yersinia pestis хэмээх нянгаар үүсдэг халдварт өвчин юм. Өвчин халдвартай бүүрэг, мэрэгч амьтдаар дамжих боломжтой бөгөөд уушгины хэлбэрийн үед халдвар авсан хүнээс бусдад амьсгалын замын дуслаар дамжиж болно.
Уушгины тахал хүнд хэлбэрээр илэрч, хурдан даамжрах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч өвчнийг эрт илрүүлж, эмчийн заавраар тохирох антибиотик эмчилгээг цаг алдалгүй эхлүүлбэл эмчлэх боломжтой.
Одоогоор олон улсын хэмжээнд тахлын дэгдэлт батлагдаагүй
ДЭМБ-ын аравдугаар сарын 10-ны тайланд Эрхүү муж болон бусад бүс нутагт тахлын халдвар цааш тархаж байгааг нотлох баримт байхгүй гэж тэмдэглэжээ.
Гэсэн ч нас барсан ажилтны өвчний шалтгаан эцэслэн тогтоогдоогүй учраас нөхцөл байдлыг бүрэн тайлбарлах нэмэлт эмнэлзүйн, тархвар судлалын болон лабораторийн мэдээлэл шаардлагатай байна.
ДЭМБ уг үйл явдлыг үргэлжлүүлэн ажиглаж, шинэ мэдээлэл ирэхийн хэрээр эрсдэлийн үнэлгээгээ шинэчлэхээ мэдэгдэв.
Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Reuters, Associated Press.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.