
2027 онд Монгол Улс дараагийн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчээ сонгоно. Гэхдээ хугацаа хангалттай бий. Он гарч, сонгууль эхлэхэд найман сарын хугацаа дутуу. Сонгуулийн кампанит ажил эхлэх болоогүй байхад эрх баригч нам, сөрөг хүчин хэдийн хөдөлж эхлэв.
Нэг монгол хүү сайн явж байна
Эрх баригч намын сонгуулийн кампанит ажлын эхлэлийг Г.Занданшатар тавив. Тэрбээр “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөнийг зохиож түүндээ мянга гаруй залуусыг цуглуулжээ. “Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй” гэх уриаг түүчээ болгосон бололтой. Г.Занданшатар “Энэ бол ганц хүний байр суурь биш. Өнөөдөр уулзсан 1000 орчим иргэний дунд ч энэ итгэл үнэмшил хүчтэй байгааг мэдэрлээ. Монголын төрд шударга ёс тогтоох, хууль хүн бүрд ижил үйлчилдэг болгох, хариуцлагыг бодитоор нэхдэг тогтолцоог бий болгохын төлөө бидэнд хийх ажил их байна” гэв. Хэдийнэ Ерөнхийлөгчийн индэрээс хэлсэн мэт. Г.Занданшатарын “сонгуулийн кампанит” ажил залуус руу чиглэсэн нь илт. Залуусийн дунд нэр хүндтэй дуучин Энэрэлээр ээлжит “сүлд” дууг хүртэл толилуулав. Дууны үгэнд “Нэг монгол хүү сайн явж байна. Нэг ч түлээ нэмэрлээгүй байж амжилт дээр нь чацацгаах” гэх үг сонсдоно. Цаашаа “Нэг юм хийх гэхээр тэнэгүүдийн бодлыг сонсоод зогсчихдог Ардчилсан либертариуд” гэж Ардчилсан намыг “дисслэв”. Ийн Г.Занданшатарын “сонгуулийн Пи ар” Ардчилсан “болжморуудыг” доош хийж, залуусаар хүч түрүүлж, Нэг монгол консепцоор найрагдаж эхэлж байна. Сонгуулийн кампанит ажилдаа Г.Занданшатар зангарагтай их мөнгө цацаж буй нь харагдана.
Цэнхэр булангаас Лу.Гантөмөр
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй “дэр нэгтгэсэн” гэж нам дотроо ч ард түмэнд ч зүхүүлж байсан Лу.Гантөмөр нэг жилийн хугацаанд нам гүм чимээ аниргүй байв. Гэтэл саяхан нэгэн ярилцлагын шоунд оролцжээ. Түүгээрээ “Ерөнхийлөгч болчихвол түгжрэлийг арилгаж, төсвийг танана” гэж хэлсэн байв.
2024 онд Ардчилсан нам найман жилийн дараа анх удаа УИХ-д 42 суудал авч, Л.Оюун-Эрдэнийн засгийн газартай нэг хөнжилд орсноор Засгаас хэд хэдэн суудал авч өөрөө Тэргүүн шадар сайдын албыг хашсан. Л.Оюун-Эрдэнийн дуулиан дэгдэхэд “цэвэрхэн” гэгч засгаас нэрээ татаж, үргэлжлүүлэн намын даргын ажлаа ч өгсөн. Энэ үйлдэл нь улс төрийн тактикт шийдвэр байж. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших алхам байсан бололтой. Түүний тооцоолол ард түмний хардлага буруу ч биш бололтой. Тэрбээр өөрийгөө Ерөнхийлөгчийн индэрт тохирох нэгнээр тодорхойлжээ. Сүүлийн үед өөрийн цахим хуудсаа идэвхжүүлж, нийгмийн олонхи бухимддаг “түгжрэл”, “төсөв” сэдвээр кампанит ажлаа өрнүүлэх магадлалтай аж. Харин өрсөлдөгч чинь эхнээсээ л “мөнгөөр зодож” үндэсний хөдөлгөөн хүртэл зохиож байхад арай л “ядуу” эхлэл биш үү.
Улаан булангаас “цагаан үст” Ж.Энхбаяр
Одоо үед улстөрчид хийсэн ажлаараа бус хийдэг “бичлэгээрээ” өрсөлддөг болсон. Үүний нэн тэргүүнд Ж.Энхбаяр бичигдэнэ. Учир нь янзын гоё бичлэгийг янз бүрээр хийх Ж.Энхбаяр “бичлэгт” их анхаардаг бололтой. Монгол Улсын Тэргүүн шадар сайдын албыг хашиж байгаа тэрбээр мөн л Ерөнхийлөгчид хүч үзэх битүүхэн бодол нь цухалзана. Саяхан тэр ХХААХҮ-ийн сайд байхдаа хөнгөлөлттэй зээлийг их хэмжээгээр олгосон асуудал сөхөгдсөн. Мөн хэдэн жилийн өмнө өөрийн эзэмшлийн “Газар Арго” ХХК-иар дамжуулан ЖДҮ-ийн зээл авсан нь олон нийтэд ил болж байв. Харин өнөөдөр тэрбээр Ерөнхийлөгчийн индэрт залрах “горьдлого” тээн цахим хуудсаараа бодлого, шийдэл ажлаа цаг алдалгүй дамжуулж байна. Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхлэгч Ж.Энхбаяр Ерөнхийлөгч болох юм бол ард түмнээ махны “хямрал”-аас гаргачих юм биш биз.
Монголоо өөрчилье, бүтээе О.Цогтгэрэл
Одоогийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын бүлгийн дарга, Тэсо группийн О.Цогтгэрэлийн Ерөнхийлөгчийн кампанит ажил 21 аймаг тойрхоос эхлэв. “Монголоо өөрчилье, бүтээе” уриатайгаар хэд хэдэн аймгаар “сүргээ” дагуулан явж байгаа. УИХ дахь сөрөг хүчний “бүх юмны дарга” тэрээр бүх Монголын дарга хийхээр зэхэж буй нь үүгээр харагдана. УИХ-аар төсөв, төлөвлөгөө хэлэлцэж, хэдэн гишүүд нь хэрүүл уруул хийж байгаа энэ цаг үед Намын дарга, бүлгийн дарга нь кампанит ажлаа хийгээд завгүй. Тэрбээр 21 аймгийг тойрох аялалдаа “36 жилийн өмнөх ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн “машин” эрх баригчдын авлигын зэвд идэгдэж зогслоо. Эрх баригчдын дотоод зөрчил хаанаас эхлээд хаана хүрч, юу болж байгааг та бид харж байна” хэмээсэн бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа хийж буй хүний үг гэж хэлж болно. Ийн МАН, АН дор бүрнээ л хэмжээ хэмжээнд суртал ухуулгын ажлыг эхлүүлжээ. Ингээд ард түмний болоод Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгчийн өрсөлдөөн эхэллээ. Өнөөдрийн байдлаар нүдэнд ил харагдах улстөрчид нь эдгээр хүмүүс. Харин хугацаа дөхөх тусам хэн, хэн ил гарч ирэх нь таашгүй.

Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.