“Төрийн цалин нэмэгдэхэд 200 мянган хүн шууд хүртэнэ. Харин инфляци, татвар, бизнесийн зардал өсөхөд 1.3 сая ажилтны зах зээл бүхэлдээ өртөнө.” Энэ өгүүлбэрийг сонгуулийн өмнөх улс төрийн амлалт, цалин нэмэх шийдвэрийн цаадах эдийн засгийн үр дагаврыг харах өнцөг болгож болохоор байна.
Учир нь цалин нэмэх тухай мэдээ хэзээ ч муу сонсогддоггүй. Харин тэр мөнгийг хаанаас гаргах вэ, цалин нэмэгдсэний дараа үнэ яах вэ, хувийн хэвшлийн ажилтны цалин яах вэ? гэдэг асуулт илүү чухал.
200 МЯНГАД ЦАЛИН НЭМЭХЭД БҮХ МОНГОЛЧУУДЫН ЦАЛИН НЭМЭГДСЭН ҮҮ?
Монгол Улсад 2025 оны байдлаар 213,611 төрийн албан хаагч ажиллаж байна. Харин 2024 оны IV улирлын байдлаар улсын хэмжээнд 1.4 сая хүн ажиллах хүчний бүрэлдэхүүнд байгаагаас 1.3 сая нь ажилтан байжээ.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь тодорхой бүлгийн өрхийн орлогод шууд нөлөөлнө. Гэхдээ эдийн засгийн үлдсэн хэсэгт нөлөө нь шууд бус. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр хэрэглээ өсөж болно. Хэрэглээ нэмэгдэхэд бараа, үйлчилгээний эрэлт нэмэгдэнэ. Харин үүнтэй зэрэгцээд төсвийн зардал, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний өртөг нэмэгдвэл үнийн дарамт үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр нэг талд “цалин нэмэгдлээ” гэсэн сайн мэдээ байгаа ч нөгөө талд “амьдралын өртөг хэдээр нэмэгдэх вэ?” гэсэн асуулт гарч ирнэ.
2026 ОНД ДАХИН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ ЯРИГДАЖ БАЙНА
Энэ жил төрийн үйлчилгээний салбарын цалингийн асуудал дахин хүчтэй яригдаж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголын төсөлд боловсролын салбарын цалингийн зөрүүг шийдвэрлэхээс гадна эрүүл мэндийн салбарын цалинг 11 дүгээр сараас 20 хувиар нэмэх, соёл, спорт болон бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувьд хүргэхээр тусгажээ.
Үүнд нийт 166.3 тэрбум төгрөг тусгахаар тооцсон байна. Засгийн газар үүнийг иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн ялгааг арилгах бодлогын нэг хэсэг гэж тайлбарлаж байна.
Гэхдээ энд нэг энгийн асуулт бий. Төр цалин нэмэх бүртээ эдийн засагт шинэ мөнгө бий болгож байгаа юу, эсвэл төсвийн өөр зардлыг танаж байж цалингаа нэмдэг үү?
Энэ ялгаа маш чухал.
ХУВИЙН ХЭВШИЛ ЯАХ ВЭ?
Монголын ажиллах хүчний дийлэнх нь төрийн байгууллагад биш, хувийн хэвшилд ажилладаг. Төрийн байгууллагад цалин нэмэхэд төсвийн шийдвэрээр хэрэгжүүлж болно.
Харин хувийн компанийн ажилтанд цалин нэмэхэд компанийн орлого, ашиг, бүтээмж, зах зээлийн эрэлт, ажил олгогчийн зардал бүгд хамаарна.
Хэрэв төрийн цалин нэмэгдээд, үүнийг дагаад хэрэглээ болон үнэ өсвөл хувийн хэвшлийн ажилтан нэрлэсэн цалин нь нэмэгдээгүй ч амьдралын зардал нь нэмэгдэх нөхцөл үүсч болно.
Эндээс хамгийн эмзэг асуулт гарна.
Цалин нэмэгдсэн нь үнэхээр орлого нэмэгдсэн хэрэг үү, эсвэл үнэ нь түүнээс хурдан өсвөл цаасан дээрх өсөлт төдий үлдэх үү?
СОНГУУЛИЙН ӨМНӨХ “САЙХАН МЭДЭЭ” БҮР МУУ БОДЛОГО БИШ
Энд бас нэг зүйлийг шударгаар хэлэх хэрэгтэй.
Төрийн албан хаагчдын цалин бага, зарим салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж хангалтгүй байгаа бол цалин нэмэх нь өөрөө буруу шийдвэр биш.
Багш, эмч, сувилагч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг мэргэжлийн ажиллах хүчийг тогтоон барихын тулд цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага бодитоор бий.
Харин цалин нэмэх шалтгаан нь бүтээмж, хүний нөөц, амьдралын өртөг, салбарын бодит хэрэгцээ юу, эсвэл улс төрийн мөчлөг үү гэдгийг ялгаж харах ёстой.
Монгол Улс 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай. Тиймээс сонгуулийн мөчлөг ойртох тусам төрөөс иргэдэд чиглэсэн “орлого нэмэгдүүлэх” бодлого улс төрийн хувьд өндөр ач холбогдолтой болдог.
Гэхдээ сонгогчид зөвхөн: “Хэдэн төгрөгөөр нэмэх вэ?” гэж асуухаас гадна, "Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?”
“Инфляцид ямар нөлөөтэй вэ?” "Хувийн хэвшилд ямар дарамт үүсэх вэ?” "Бодит худалдан авах чадвар хэдээр өсөх вэ?” гэж асуух цаг болжээ.
ЭЦЭСТ НЬ
Төрийн цалин нэмэгдүүлэх шийдвэрийг “200 мянган хүнд өгч байна” гэж харах нь нэг тал.Харин үүнийг 1.3 сая ажилтантай хөдөлмөрийн зах зээл, бизнесийн зардал, татвар, инфляци, улсын төсөвтэй нь хамтад нь харах нь нөгөө тал.
Иргэдэд цалин нэмэгдэх нь сайхан. Гэхдээ цалин 20 хувиар нэмэгдээд, амьдралын өртөг 25 хувиар өсвөл хэн хожих вэ? Энэ асуулт сонгуулийн өмнөх хамгийн эвгүй асуултуудын нэг байж мэднэ. Учир нь цалингийн өсөлтийг хүн бүр сонсдог.
Харин түүний үнийг хүн бүр өөр өөрөөр төлдөг.
Н.СҮРЭН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.