
Хүний хамарт хувьсал нэлээд хатуу хандаж дээ. Бид кофе, сүрчиг, шарсан махны үнэрийг маш сайн ялгаж чаддаг ч холын зайнаас үнэрээр мэдээлэл илрүүлэх системийн хувьд бидний хамар бараг ашиггүй. Хүн хол зайд байгаа үед бидэнд суурилуулсан мэт ямар нэгэн «радар» огт байдаггүй.
Харин одоо өөрийгөө ойд явж байна гэж төсөөлөөд үз дээ. Эргэн тойронд хэн ч байхгүй мэт санагдана. Гэтэл ямар нэгэн амьтан таныг өөрийг нь харахаас нэлээд өмнө таны байгааг мэдчихсэн байж болно.
Муурны үнэрлэх чадвар хүнийхээс хавьгүй мэдрэмтгий. Тиймээс гэрийн муур таныг дуудаж амжаагүй байхад л гал тогоонд ямар нэгэн «сонирхолтой зүйл» болж байгааг мэдчихдэг.
Харин нохойны хувьд ялгаа бүр ч их. Үүлдрээсээ хамааран тэдний хамарт хэдэн зуун сая үнэрлэх рецептор байдаг бөгөөд хамрын хөндийн асар их хэсэг нь үнэрийг шинжлэхэд зориулагдсан байдаг. Тиймээс албаны болон анч ноход хүн тухайн газраар өнгөрснөөс нэлээд хугацааны дараа ч үнэрээр нь мөрийг нь олж чаддаг.
Буга, зэрлэг гахай ч мөн үнэрт маш их найддаг. Тэдний хувьд энэ нь амьд үлдэх асуудал. Ялангуяа салхи хүнээс амьтны зүг үлээж байвал зэрлэг гахай хүнийг хүн зэрлэг гахайг олж харахаас өмнө мэдрэх нь элбэг.
Тиймээс «ойгоор явж байтал гэнэт санаандгүй зэрлэг гахайтай таарчихсан» гэсэн хүний яриа зэрлэг гахайн байр сууринаас огт өөр сонсогдож магадгүй. Магадгүй тэр таныг ойртож явааг аль эрт мэдчихсэн байсан ч байж болох юм.
Харин заан бүр ч гайхалтай. Геномын судалгаагаар Африкийн заанд үнэрлэх рецепторын ойролцоогоор 2000 ген байдаг нь судлагдсан ихэнх хөхтөн амьтдаас илүү үзүүлэлт юм. Үнэрлэх чадвар нь заанд хоол хүнс, ус олох, бусад амьтдыг таних, хүрээлэн буй орчныхоо талаар мэдээлэл авахад нь тусалдаг.
Харин баавгайн тухайд олон сайхан домог яриа эндээс эхэлдэг. Интернетэд баавгай хүний үнэр эсвэл хоолны үнэрийг 20, 30, бүр түүнээс ч олон километрийн зайнаас мэдэрч чаддаг гэсэн мэдээлэл их тааралддаг. Гэхдээ ийм нарийн тоон үзүүлэлтүүдэд болгоомжтой хандах хэрэгтэй.
Үнэр нь радио дохио шиг эх үүсвэрээсээ бүх чиглэлд жигд тархдаггүй. Үнэрийг агаар зөөдөг учраас салхины чиглэл, чийгшил, температур, газрын тогтоц, ургамалжилт болон үнэрийн эх үүсвэрээс өөрөөс нь шалтгаалан тархах зай нь эрс өөрчлөгдөнө.
Тиймээс «муур — 150 метр, зэрлэг гахай — 700 метр, нохой — 3 км, баавгай — 30 км» гэх мэт хүснэгтүүд бодит шинжлэх ухааны мэдээллээс илүү итгэл үнэмшилтэй харагддаг. Ихэнх амьтдын хувьд хүнийг илрүүлэх нэг тогтсон, бүх нөхцөлд адилхан зай гэж байдаггүй. Зарим үед үнэр маш хурдан сарнина, харин зарим нөхцөлд агаарын урсгал түүнийг маш хол зайд зөөж чадна.
Гэхдээ нэг зүйл дээр ийм харьцуулалт буруудахгүй: янз бүрийн хөхтөн амьтдын үнэрлэх чадвар үнэхээр асар их ялгаатай.
Хүн бол үнэр дэлхий ертөнцийн талаарх мэдээллийг авах гол эх сурвалж байхаа больсон амьтан. Харин нохой, зэрлэг гахай, буга, заан, баавгай зэрэг амьтад биднийхээс тэс өөр «мэдрэхүйн ертөнцөд» амьдардаг.
Бид ойгоор явахдаа мод, жим, өвс ургамал, мөр ул зэргийг хардаг.
Харин амьтан үүнтэй зэрэгцэн бидний хувьд бараг оршин байдаггүй асар их мэдээллийг үнэрээрээ хүлээн авч байдаг: энд хэн өнгөрсөн, хэр удаан хугацааны өмнө өнгөрсөн, ямар зүг рүү явсан, хаана хоол байна, ойр орчимд аюул байгаа эсэх, салхи алсаас ямар үнэр авчирч байгаа зэрэг.
Тиймээс ойд амьтантай «гэнэт» таарсан мэт санагдах тэр мөчид, үнэндээ гэнэтийн учрал нь зөвхөн таны хувьд байсан байж мэднэ.
Учир нь та амьтныг олж харахаасаа өмнө, тэр амьтан таныг аль хэдийн «харчихсан» байж болох юм — зөвхөн нүдээрээ биш, хамраараа.
Эх сурвалж: Kaleidoscope of Histories
Орчуулсан Энхбор Дуулга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.