Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
 

Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?

Улаанбаатарын гудамжаар алхах үед CU эсвэл GS25 гэх тод гэрэлтэй хаяг үргэлж нүдэнд тусна. Солонгос драма дээрээс л хардаг байсан халуун догбугги, уур савссан бэлэн гоймон, кимбаб зэрэг нь хэдийнэ монгол залуусын өдөр тутмын хэрэглээ болжээ. Тиймээс ч эдгээр нь тэдний амьдралын бүхий л үед амьдралд нь амт нэмж, солонгос хүнсний экспортыг дээд хэмжээнд нь хүргээд байна.

Бид солонгос амтанд хэрхэн автав?

Тэд хүнс биш амьдралын хэв маяг худалдаалдаг

Дээрх дэлгүүрүүд зөвхөн ойр зуурын хүнс авах мухлаг биш, харин өдөр, шөнийн аль ч үед найзуудаараа тухлан суух боломжтой дотно орчин нь болж чаджээ.

Драма бодит амьдрал дээр биеллээ олох нь

Бүх насныхны сонирхон үзэх дуртай к-драма дээр гол дүрийн баатрууд шаргалтан шаржигнах тахиа идэж, халуун ногоотой шөл уун, хүйтэн шар айраг залгилж, ил гал дээр мах шарах үзэгдэл ихээр гардаг. Тэгвэл яг тэр амтыг гэрийнхээ хажуунаас авах боломжтой болсон нь залуусыг шууруулж байна.

Хурдан бөгөөд трэнди байдал

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягтай болсон өнөө үед хурдан хийгээд амттай, сошл орчинд трэнд болж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийг зах зээлийг төвөггүйхэн эзэлж байна. Тиймээс ходоод болон сэтгэлээ баярлуулахын сацуу трэнди байлгаж чадаж буй солонгос хүнс бидний хоолны соёлд томоохон өөрчлөлт авчирч, залуусын амьдралын шинэ хэмнэл болон цэцэглэж байна.

Тоо баримт

Солонгос улс өнгөрсөн жил гэхэд манай улсад 34.2 тонн шар айраг нийлүүлжээ. Энэ нь тус улсын нийт шар айрагны экспортын 30 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь тун ч анхаарал татахуйц тоо юм.

Тус улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яамны мэдээлснээр Ноншим, Палдо, Оток зэрэг бэлэн гоймонгийн брэндүүд манай улсын бэлэн гоймонгийн зах зээлийн 70 гаруй хувийг эзэлж байгаа тухай мэдээлжээ. Мөн өнгөрсөн жил кимчиний экспортын орлого 232 мянган ам.долларт хүрсэн нь 2021 оныхоос даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ийнхүү солонгос хүнс манай улсад үйл ажиллагаа явуулж буй CU болон GS25-ийн 900 гаруй салбараар худалдаалагдахын сацуу томоохон сүлжээ дэлгүүрүүд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн орлого олох гол хэрэгслүүдийн нэг болоод байна.

Манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй GS25 дэлгүүрүүдийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бол Cafe25 хэмээх шошготой кофе юм. Мөн шар айраг, солонгос маягийн соустай тахиан махан шорлог, туна болон булгугитэй кимбаб зэрэг нь тун ч алдартай хэмээн үйл ажиллагаа явуулж буй компаниуд дурджээ.

Бид энэхүү эрэлттэй уялдуулан хэрэглэгчдийн таашааж буй амтад тулгуурлан өөрсдийн хоолны соёлд эдгээрийг шингээн зах зээлд өрсөлдөх боломжтой.

Мөн үндэсний сүлжээ дэлгүүрүүд зөвхөн хүнс худалдаалах бус тав тух, цэвэр орчин, найрсаг байдал, чанар зэрэгтээ анхаарлаа хандуулан, өөрсдийн гэсэн онцлогийг бий болгож, зах зээлд өрсөлдөх шаардлагатай болоод байна.

ЗГ-ын шийдвэр ба Есдүгээр сарын 1
ЗГ-ын шийдвэр ба Есдүгээр сарын 1
 
Хятадын компаниудыг хамгаалах тухай Ши Жиньпины хүсэлтийг Монголд мэдээллэсэнгүй
Хятадын компаниудыг хамгаалах тухай Ши Жиньпины хүсэлтийг Монголд мэдээллэсэнгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.