ЗГ-ын шийдвэр ба Есдүгээр сарын 1
 

ЗГ-ын шийдвэр ба Есдүгээр сарын 1

Монгол Улсын хэмжээнд жил бүрийн есдүгээр сарын 1-н бол баяр жаргалтай, инээд хөөртэй хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн өдөр болж өнгөрдөг. Өнөөдөр ч мөн адил.

Энэ жил Монгол Улс даяар 2026-2027 оны хичээлийн шинэ жилд нийт 2457 боловсролын сургалтын байгууллагад 1305552 мянган суралцагч хамрагджээ.

Үүнээс Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242742 хүүхэд,

Ерөнхий боловсролын сургуульд 843095 сурагч, 1 дүгээр ангид 75838 хүүхэд элсэн суралцах гэж байгаа юм.

Мөн Дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 170384 оюутан,

Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 49331 оюутан суралцах урьдчилсан тооцоолол гарсан байна.

Ийнхүү хичээлийн жилийн бэлтгэл ажил дуусч, дахин нэг шинэ хичээлийн жил эхэллээ.

Тэгвэл жил ирэх тусам шинээр элсэгчдийн тоо улам өсч буй энэ цаг үед боловсролын байгууллагатай холбоотой Засгийн газар болон Боловсролын яамнаас хийж хэрэгжүүлэх ажил, шийдвэрийг эргэн саная.

Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах Засгийн газрын 300 дугаар тогтоол 2026 оны долоодугаар сарын 8-ны өдөр гарсан байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулахын тулд хотхоны бага сургууль, багийн бага сургууль зэрэг шинэ зохион байгуулалт хийхээр төлөвлөгдсөн байна.

Хоёрдугаарт, Цэцэрлэг, сургуульд эрүүл мэндийн эрт илрүүлэг хийх Засгийн газрын 301 дүгээр тогтоол 2026 оны долоодугаар сарын 8-ны өдөр мөн гарсан бөгөөд тус ажил аравдугаар сарын 1-ээс орон даяар эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.

Гуравдугаарт, Боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах 147 дугаар тогтоол, 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гарсан. Үүний хүрээнд бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийг 2026–2027 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Суурь болон бүрэн дунд боловсролын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилж, 2028–2029 оны хичээлийн жилээс ЕБС-ийн бүх ангид шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Сургалтын байгууллагын санхүүжилтийн шинэ зохицуулалт хийх 149 дүгээр тогтоолын хүрээнд Цэцэрлэг, ЕБС-ийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, бүрэлдэхүүн, байршил болон хүүхдийн тооноос хамаарах итгэлцүүрийг шинэчлэн баталсан.

Шинэ хичээлийн жил дөрвөн улиралтай

Өнөөдөр эхэлж буй энэхүү шинэ хичээлийн жилд сурагчид танхимаар 32-34 долоо хоног хичээллэнэ.

Үүнд:

Нэгдүгээр улирлын амралт: нийслэл болон орон нутгийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-6-нд буюу нэг долоо хоногт амраад, арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээлдээ орно.

Хоёрдугаар улирлын амралт: нийслэл болон орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн гурван долоо хоног амарна. Гэхдээ нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног нь өвлийн амралтынх нь урд буюу арванхоёрдугаар сарын 21-25-нд хуваарилагдсан байна. Сурагчдын гуравдугаар улирлын хичээл 2027 оны нэгдүгээр сарын 18-наас эхэлнэ.

Гуравдугаар улирлын амралт: нийслэлд гуравдугаар сарын 22-ноос эхлэн нэг долоо хоног амраад, шинэ улирлын хичээлдээ гуравдугаар сарын 29-нөөс орох нь. Орон нутгийн сурагчдын хувьд гуравдугаар сарын 22-26-нд бие даалтын долоо хоног, түүнээс үргэлжлүүлэн нэг долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 5-наас шинэ улирлын хичээлдээ орно.

Б.Ами

У.Хүрэлсүх, Ши Жиньпины уулзалтаар юу тохиров
У.Хүрэлсүх, Ши Жиньпины уулзалтаар юу тохиров
 
Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.