
БИШКЕК. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус хуралдаанд ажиглагч орны хувиар оролцож байгаа юм.
Монгол Улс 2004 оноос ШХАБ-ын ажиглагчийн статустай бөгөөд Монголын төрийн тэргүүн нар тус байгууллагын дээд түвшний уулзалтуудад тогтмол оролцож ирсэн. ШХАБ-ын мэдээллээр Монгол Улс болон Афганистан нь тус байгууллагын ажиглагч хоёр улс юм.
Монголын талын байр суурь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцохын зэрэгцээ тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.
Тэрбээр Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзах үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх зорилтыг хөндсөн байна. Киргизийн тал Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгааг онцолжээ.
Ши Жиньпинтэй нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудлыг ярилцав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улсын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа энэ үед Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлжээ. Харин Ши Жиньпин дэлхийн зах зээл дэх нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Мөн Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, тэр дундаа “Төмөр замын төв коридор”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх, Монголын нутгаар дамжуулах хийн хоолойн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцын талаар талууд ярилцжээ.
ШХАБ дахь Монголын оролцоо
Энэ удаагийн дээд түвшний уулзалт Киргиз Улсад “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Өргөтгөсөн уулзалтаар НҮБ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын оролцоотойгоор олон улсын харилцаа, олон туйлт дэлхий ертөнц, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улс ШХАБ-ын гишүүн бус боловч ажиглагч орны хувьд тус байгууллагын улс төр, эдийн засаг, тээвэр ложистик, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд оролцох сонирхлоо олон жилийн турш илэрхийлж ирсэн.
Өнгөрсөн 2025 оны ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж байгааг онцолсон юм. Мөн тэрээр энэ үеэр Монгол Улс ШХАБ-ын орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлж байв.
ШХАБ-ын Бишкек дэх дээд түвшний уулзалт өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанд үг хэлэх юм.
Эх сурвалж: Aki Press
Бэлтгэсэн: Б.Өгөдэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.