
Непалын Расува мужид үерийн усанд урсаж, ээжээсээ салсан таван настай охин аврагдсан ч түүний аав одоогоор сураггүй байна.
Непалын Расува мужийн Халте орчимд хүчтэй үерийн усанд урссан таван настай Ишара охиныг аврагчид торонд тээглэн үлдсэн байхад нь олж аварчээ. Охиныг эмнэлэгт хүргэхэд ухаангүй байсан ч сэрснийхээ дараа өөрийн нэр болон болсон явдлыг ярьж чадсан байна.
Ишара эмнэлгийн ажилтнуудад үер буух үед ээжтэйгээ хамт байсан бөгөөд ээжийнхээ гараас атгаж явсан ч хүчтэй урсгалын улмаас тэдний гар салсан гэж ярьжээ. Улмаар ээж нь үерийн усанд урсан алга болсон бол Ишара өөрөө мөн усанд автаж, эцэст нь торонд тээглэн үлдсэн байна.
Охиныг Расувагаас авран гаргаж, хүүхдийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор эмнэлгийн ажилтнууд түүнийг асран хамгаалж байна.
Эмнэлгийн ажилтан Павитра Магар “Түүний гэр бүлээс одоогоор хэн ч бидэнтэй холбоо бариагүй. Хэн нэгэн түүнийг хайж ирэх эсэхийг бид мэдэхгүй байна. Тиймээс одоохондоо бид өөрсдийн хүүхэд шиг халамжилж байна” хэмээн ярьжээ.
Ишара аавыгаа Катманду хотод байдаг гэж хэлсэн байна. Тиймээс эмнэлгийн ажилтнууд болон холбогдох хүмүүс охины аавыг олон нийтийн сүлжээ болон бусад сувгаар эрэн хайж эхэлжээ.
Мөн охины хэн болохыг тогтооход туслах мэдээллүүдийг цуглуулж байгаа бөгөөд түүнийг Расувагийн Уттаргая хөдөөгийн захиргааны Сатбисе тосгоны сургуульд сурдаг болохыг тогтоосон байна.
Охины хувцас, эд зүйлсийн ихэнх нь үерийн усанд урссан бөгөөд эмнэлгийн ажилтнууд түүнд хувцас, хоол болон шаардлагатай бусад зүйлсийг авч өгчээ.
Непалд сүүлийн өдрүүдэд үер, хөрсний нуралтын улмаас олон хүн амиа алдаж, олон хүн сураггүй болоод байгаа бөгөөд аврах багийнхан сураггүй иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор амиа алдагсдын тоо албан ёсоор 800 давсан тухай эх сурвалж баталлаа.
Эх сурвалж: OnlineKhabar
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.