Монгол банк бодлогын хүүгээ нэмлээ
Шуурхай мэдээ
 

Монгол банк бодлогын хүүгээ нэмлээ

/2025.03.07/

Бодлогын хүүг нэмэгдүүлэх, хэрэглээний болон тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай

2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;

Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох;

Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох зэрэг шийдвэрийг тус тус гаргалаа. Жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарлаа. Цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байв.

Эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэн, нийтийн тээвэр, бусад төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ өсөх зэргээс шалтгаалан инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, энэ онд Төв банкны зорилтоос өндөр байхаар байна. Түүнчлэн энэ оноос хэрэгжихээр хүлээгдэж буй томоохон төслүүд дотоод эх үүсвэрээр санхүүжих тохиолдолд төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид ирэх дарамт нэмэгдэж, инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй.

Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарахад дотоод эрэлтийн идэвхжилтэй холбоотой худалдаа, үйлчилгээний салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлон нөлөөлөв. Энэ онд хөдөө аж ахуйн салбар сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж уул уурхайн салбар эрчимжих, төсвийн төлөв суларч, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтууд эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна. Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт саарах, гадаад суурь хүү харьцангуй алгуур буурах хүлээлттэй боллоо.

Түүнчлэн гангийн эрэлтийн талаарх хүлээлтээс шалтгаалан манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ хүлээлтээс муудаж болзошгүй байна. Өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад банкны салбарын хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдлээ. Энэ нь нэг талаас хэрэглээний импорт болон дотоод эрэлтийг өдөөж, нөгөө талаас өрхийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахаар байна.

Энэ удаагийн мөнгөний болон макро зохистой бодлогын багц шийдвэр нь инфляцын хүлээлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө үргэлжлэн нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх, инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Хүний эрхийн боловсролыг түгээхэд манлайлан ажиллаж байгаа ХЭҮК-т талархал илэрхийллээ
Хүний эрхийн боловсролыг түгээхэд манлайлан ажиллаж байгаа ХЭҮК-т талархал илэрхийллээ
 
ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.