/2024.6.28/ УИХ-ын сонгуульд саналаа өгч буй сонгогч та ямар эрхтэй гэдгээ мэдэх үү?
Хүний Эрхийн Үндэсний комиссоос гаргасан дараах мэдээллийг танд хүргэж байна.
- Таны эцэг, эх, гэр бүлийн гишүүн, хамт олон, найз нөхөд, ойр дотны хүмүүс, хамаатан садан, эсхүл ажлын удирдлага хэн ч төлөөлөхгүй. Зөвхөн Та өөрийн саналыг биечлэн өгөх эрхтэй.
-Сонгуульд оролцох эсэхээ бие даан шийднэ. Хэн ч албадан нөлөөлж, саад учруулж болохгүй. Сонгуулийн санал авах үйл ажиллагаа өндөр нууцлалтай, хатуу хяналтын доор зохион байгуулагддаг тул хэнд саналаа өгснийг тань Танаас өөр хэн ч мэдэх боломжгүй. Таны сонголт зөвхөн таны мэдлийнх.
-Саналаа нууцаар гаргах боломжоор хангагдана. Сонгогч та санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, саналын нууцлалыг хадгалах зориулалт бүхий хавтас хэрэглэн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Санал тоолох төхөөрөмж нь таны өгсөн саналыг аюулгүй, найдвартай хамгаална. Санал авах байрны хяналтын камер нь таныг саналаа нууцаар өгөх боломжоор хангах зориулалттай юм.
-Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, мэдээлэл гаргах эрхтэй. Хэн нэгэн тодорхой нэр дэвшигчид саналаа өгөхийг тулгах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх зэрэг үйлдэл гаргавал, эсхүл таны саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө, эд зүйл тараасан бол баримттайгаар ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД мэдэгдээрэй.
-Сонгогч та нам, эвсэл, нэр дэвшигчийн зохион байгуулж буй уулзалт, хурал, цуглаанд оролцож ирэх 4 жилд хэрэгжих мөрийн хөтөлбөр, тодорхой асуудлаар санал бодлоо илэрхийлж, мэдээлэл авах эрхтэй. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар мэдээлэл авах эрхтэй.
-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшигч нийт 969, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 372, нийт 1341 нэр дэвшигч нэр дэвшин, оролцож байна.