/2024.05.01/: 2015 онд Монгол Улсын иргэн “А”-г бусдын захиалгаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ-руу оргон зайлсан.
Уг этгээдийг Интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоон түүнийг 2017 онд БНХАУ-аас шилжүүлэн авч холбогдох хэргийг шалгахад “А” нь “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Тэгвэл дээрх хүнийг алах гэмт хэргийг үйлдэх захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали Улсад байгааг нь тогтоож тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд өчигдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг явуулж байна.
Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газраас Австралийн Холбооны Улсын Хууль сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгуулжээ.