/2024.03.25/: Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нэвтрүүлдэг Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа Замын-Үүд Автозамын боомтын ачаа тээврийн цогцолборт болж байна.
Замын-Үүд боомтын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд бөгөөд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон УИХ-ын гишүүд, бусад албаныхан оролцож байна.
Эдийн засгийн гол зангилаа болох Замын-Үүд боомтын Зорчигч тээврийн хэсэгт 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтыг барьж байгуулан ийнхүү албан ёсоор нээж байна.
Замын-Үүд боомтын Зорчигч тээврийн цогцолбор, Ачаа тээврийн цогцолборын хүрээнд, 1.74км авто зам, 1.1км авто зам талбай, Оффисын барилга, Гэрэлтүүлгийн цамхаг, Экспорт, импортыг тусгаарлах хянах байр, Гааль, хилийн албаны авто граж, эрэлч нохойн барилга, Гаалийн газрын агуулах, төмөрбетон суурьтай, металл хийцтэй хашаа, нийтийн бие засах газар, авто пүү, пүүний удирдлагын, ачаа тээврийн цогцолборын үзлэгийн тавцан, дулаан ба хүйтэн агуулахын барилга, цацрагийн төхөөрөмжийг шилжүүлэх барилга, шатамхай бодисын агуулах, ариутгал халдваргүйтгэлийн барилга, түргэн муудах бүтээгдэхүүний үзлэгийн байр, химийн бодисын агуулах байр зэрэг бүтээн байгуулалтыг богино хугацаанд барьж байгуулжээ.
Эх сурвалж: БСҮХ