/2024.01.09/: Шинэ оны эхний өдөр Ишикава мужид газар хөдлөлт болсноос хойш долоо хоногийн дараа цаг уурын агентлаг ирэх сард хүчтэй газар хөдлөлт үргэлжлэн, сураггүй алга болсон хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.
Эрх баригчдын мэдээлснээр тус мужийн аюулгүй байдал хараахан батлагдаагүй байгаа ч сураггүй болсон хүмүүсийн тоо 103-аас 323 болж нэмэгджээ. Гэсэн хэдий ч муж сураггүй болсон хүмүүсийн зарим нь нүүсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо мөн нэмэгдэж, 168-д хүрчээ. Мөн тус мужид цас орж, агаарын температур огцом буурснаас болж аврах ажилд хүндрэл учирч байна.
Японы хэмжүүрээр 5 баллын хүчтэй газар хөдлөлтийг багтаасан олон тооны газар хөдлөлтүүд тус бүс нутагт үргэлжилсээр байна.
Цаг уурын албаныхан эдгээр газар хөдлөлтүүд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгааг мэдэгдэв.
"Газар хөдлөлтийн тоо ерөнхийдөө буурч байгаа ч газар хөдлөлтийн тоо 2004 оны Ниигата-Чуэцүгийн газар хөдлөлт болон 2016 оны Кумамотогийн газар хөдлөлттэй харьцуулахад өндөр хэвээр байна" гэж тус агентлагийн ажилтан Шинья Цукада мэдэгдэв.
Цукада хэлэхдээ, 1-ний өдөр болсонтой ижил хүчтэй газар хөдлөлт болох магадлал багассан ч "газар хөдлөлтийн идэвхжил үргэлжилж байна. Дараагийн сар орчим хугацаанд 5 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлтөөс болгоомжлох хэрэгтэй" гэв.
Эх сурвалж: Japan Тimes