/2024.01.09/: Чингис хаан Үндэсний музейд “Монголын шуудангийн түүх” үзэсгэлэн, “Луу жил” сэдэвт шинэ маркийн нээлтийн ёслол боллоо.
Монгол маркийн 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулсан “Луу жил” сэдэвт хоёр нэрийн маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон лууны бүтэн дүрс бүхий Ази тивийн анхны олдвор Хос мөнгөн лууг дүрсэлжээ. Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, МУСГЗ Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, МУСГЗ, археологич, түүхч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох зураг, материалаар тусалсан бол маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.
Монголын филателийн холбооны ерөнхийлөгч, МУСГЗ Ч.Энхбатын “Монголын шуудангийн түүх” үзэсгэлэнд монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн морин өртөө шуудангаас бие даасан шуудангийн системд шилжсэн түүхийн нэн ховор баримтууд дэлгэгджээ.
Эх сурвалж: Соёлын яам