/2023.11.28/: Архангай аймаг 2024 онд ЗУУН МЯНГАН ЖУУЛЧИН хүлээн авахаар зорьж байгаа ба нутгийн онцлогт тулгуурлан ДӨРВӨН УЛИРАЛ-ийн турш зохион байгуулах эвент арга хэмжээ, "Нэг жуулчин-Нэг ямаа" төслийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлд танилцууллаа.
Архангай аймаг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн эвент арга хэмжээг зохион байгуулах ба үүнд "Дарвуулт чарганы спорт клубийн нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолтууд хийгдэхээр төлөвлөж байна.
Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжиж Монголын анхны "Мөсөн стадион" барих бөгөөд өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ:-Монголд зочлох" жилийн хүрээнд аймаг орон нутаг энэ мэт санаачлага гаргаж аялал жуулчлалын салбараас ирэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манлайлал үзүүлж буй нь сайшаалтай байгааг онцлов. Харин "Нэг жуулчин - Нэг ямаа" төслийг сайжруулах, жуулчдад үнэн мэдээлэл өгөх, хүндрэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг санууллаа. Орон нутагтаа зохион байгуулж буй аялал жуулчлалын арга хэмжээг БОАЖЯ-наас дэмжиж, салбарын уялдаа холбоог нэгтгэхэд анхаарч ажиллана гэв.
Эх сурвалж: БОАЖЯ