/2023.11.23/: Татварын цогц шинэчлэл, Нийтийн буюу Төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна.
Дотоодын үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэл өгч, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлага татвар төлөгчид буюу ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг онцлов.
Тэрээр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үндэсний үйлдвэрлэгч “Майнд Тэч” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэрээ үүнийг онцолж, баялаг бүтээгчид болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын суурь шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо.
Өнгөрсөн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хууль эрх зүйн ээлтэй орчин, уян хатан бодлого, оновчтой зохицуулалт дутагдаж ирснийг судлаачид хэлдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид, нэмүү өртөг бүтээгчид, ажлын байр бий болгогчдыг татварын бодлогоор дэмжих, салбар бүрт тулгамдаж буй хүндрэл, ачааллыг тодорхойлох, ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцож байгаа юм.
Эх сурвалж: УИХ