/2023.11.02/: "Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь" сэдэвт “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” олон улсын форум 2023 оны 11 дүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас Та бүхнийг Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумд оролцохыг урьж байна.
7 хоног үргэлжлэх энэхүү форумаар:
- Бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх
- Хил дамнасан тээврийг хөнгөвчлөх
- Тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох
- Гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах
- Тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлээр хэлэлцэнэ.
”Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн Өндөр түвшний 2 дахь удаагийн Яриа хэлэлцээ”-г зохион байгуулахаас гадна төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгө оруулагч нарт зориулан танилцуулах юм.
Мөн түүнчлэн тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг нэмэгдүүлэх санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж буй байдал болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн олон улсын сайн туршлагаас хуваалцана.
Эх сурвалж: ЗТХЯ