/2023.11.02/: Рафах гарц нээгдсэн нь Израил-ХАМАС-ын мөргөлдөөн эхэлснээс хойш бүслэгдсэн бүс нутгаас палестинчуудыг гаргасан анхны тохиолдол боллоо.
Шархадсан палестинчуудыг Газын зурвасаас Египет рүү гарахыг зөвшөөрсөн ч 2 сая гаруй палестинчууд зурваст гацсан хэвээр байна.
Шархадсан палестинчуудаас гадна гадаадын иргэд Катарын зуучлалын дагуу удахгүй Рафах гарцаар Египет рүү нэвтэрч магадгүй гэж CNN мэдээлэв.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эндээс уншина уу.
Рафах гарц нээгдлээ: Газын зурвасаас шархадсан палестинчуудыг анх лхагва гарагт Рафах гарцаар Египет рүү гаргасан гэж Египетийн албаны хүн мэдэгдэв. Хүнд шархадсан 81 палестин хүн лхагва гарагийн орой Египетэд ирэх төлөвтэй байгаа талаар өмнө нь CNN мэдээлж байсан юм. Газын Аль Шифа эмнэлгийн захирал доктор Мохаммед Абу Силмиех CNN-д хэлэхдээ ихэнх өвчтөнүүдэд мэс засал хийх шаардлагатай байгаа хэдий ч одоогоор хагалгаа хийх өрөө анклавд байхгүй байна гэв. Шархадсан палестинчуудаас гадна Катарын зуучлалын гэрээний дагуу 500 орчим гадаадын иргэн Газын зурвасаас Египет рүү нэвтэрч магадгүй гэж эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.
АНУ-ын иргэд саатсан хэвээр байна: Хэдийгээр гарц нээгдсэн ч америкчуудыг Рафах гарцаар Газаас гарахыг зөвшөөрөөгүй гэж албаны хүн CNN-д ярьжээ. CNN агентлагийн олж авсан засгийн газрын дотоод мэдээллээр АНУ-ын иргэд өнөөдрөөс эхлэн Газын зурвасаас гарч эхлэх төлөвтэй байна. Сенатын Төсвийн хөрөнгийн хорооны хуралдаан дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений хэлснээр 400 орчим Америкийн иргэн, тэдний гэр бүлийн гишүүд буюу нийт 1000 орчим хүн Газын зурваст гацсан байна.
Жабаля руу хийсэн дайралт: Мягмар гарагт Газын хүн ам шигүү суурьшсан Жабаля дүрвэгсдийн хуаранд Израил цохилт өгсний улмаас гамшгийн хохирол учирч, олон тооны хүн амиа алдсан гэж гэрч, эмч нар мэдэгдэв. Израилын албаныхан энэ цохилтоор ХАМАС-ын дээд командлагч Ибрахим Биарийг онилж, устгасан гэж мэдэгдсэн юм.
Газ дахь Индонезийн эмнэлэгт олон зуун нас барсан, шархадсан хүмүүсийг авчирсан гэж тус эмнэлгийн захирал доктор Атеф аль-Кахлоут CNN-д хэлээд, олон хүн одоо ч нуранги дор байгаа гэв. Лхагва гарагт Саудын Араб Израилыг хуаранг онилсон явдлыг буруушаасан ч Израил үүнийг "хууль ёсны бай" гэж мэдэгдэв. Рамалла дахь Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, аравдугаар сарын 7-ны өдөр эхэлсэн дайралтаас хойш нийт 8700 хүн амь үрэгдэж, 22 мянга гаруй хүн шархадсан гэв.
Довтолгооны эсрэг үзүүлж буй хариу арга хэмжээ: Ойрхи Дорнодын хэд хэдэн улс дээрх довтолгоог буруушааж байна. Боливи улс Израилыг "Палестины ард түмний эсрэг үйлдсэн халдлагыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг " хэмээгээд Израилтай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдэв. Израилын Газын зурваст цохилт өгсөнтэй холбогдуулан Колумб, Чили улсууд Израилд суугаа Элчин сайдуудаа эргүүлэн татсан байна.
Газын харилцаа холбоо тасарсан: Израил анклав руу агаараас довтолж, газрын ажиллагаагаа өргөжүүлж байгаа тул лхагва гарагт Газад интернетийн үйлчилгээ болон харилцаа холбоо дахин тасарсан гэж харилцаа холбооны хоёр компани мэдэгдэв. Палестины цахилгаан холбоо (PalTel) "Х" буюу хуучнаар Твиттер хуудаснаа хийсэн мэдэгдэлдээ "Газын зурвас дахь бүх харилцаа холбоо, интернетийн үйлчилгээ бүрэн тасалдсан" гэж мэдэгджээ.
Газрын довтолгоо: Израилын арми баасан гарагт Газад хуурай замын ажиллагаа явуулж, танк, бульдозер, явган цэрэг, байлдааны инженерийн ангиудыг зурвас руу шилжүүлж эхэлжээ. Хуурай замын ажиллагааны үеэр Израилын есөн цэрэг амиа алдаад байгаа аж.
Эх сурвалж: CNN